Нийгэм

ЭХЯам: 11-р сарын цахилгааны төлбөр төлөлт 38, дулааных 58 хувьтай байна

Нийтэлсэн

2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны байдлаар өнгөрсөн сар буюу арваннэгдүгээр сарын цахилгааны төлбөр төлөлт 38, дулааных 58 хувьтай байгааг Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал мэдээллээ.

Засгийн газрын шийдвэрээр 2020 оны арванхоёрдугаар сараас ирэх оны долдугаар сар хүртэл цахилгаан, дулааны төлбөрийг төр хариуцахаар болсон. Иргэдэд ирж буй төлбөрийн мэдээлэл тухайн сарын өмнөх буюу энэ удаад арваннэгдүгээр сарынх атал иргэд ташаа ойлгосноос үүдэн төлбөр төлөлт бага хувьтай байна гэдгийг тэрбээр хэллээ.

Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал “Одоо иргэдэд очсон төлбөрийн мэдээлэл нь 11-р сарын хэрэглээний төлбөр. Өмнөх сарын төлбөр нь дараа сарын 20-ны дотор мессежээр гар утсанд очдог. Өнгөрсөн сарын төлбөр цуглуулалт цахилгааны эрчим хүчнийх 38 хувьтай байна. 62 хувь нь төлбөрөө хийгээгүй байгаа нь эрчим хүчний салбарт хүндрэл үзүүлдэг. Станц, дамжуулах түгээх системд очоогүйгээс болоод санхүүгийн циклийн хоцрогдол гарах хандлага байдаг. Тиймээс энэ сардаа багтаж 11-р сарын төлбөрийг төлөх шаардлагатай байна” гэлээ.

Мөн Засгийн газрын тогтоолыг дагалдан гарсан журмын дагуу иргэдийн өмнөх оны мөн үеийнхтэй тэнцэх төлбөрийг төрөөс хариуцаж, үлдэгдлийг нь төлөхөөр болсон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн 12-р сарын төлөх болон төрөөс даах төлбөрийн хэмжээг энэ сардаа багтаан мессежээр хүргэхээр ажиллаж байгаа юм байна.

Exit mobile version