Нийгэм
Биеийн байдал нь маш хүнд байсан 82 настай иргэн сайжирч, Яармагийн эмнэлэг рүү шилжжээ
Цэргийн төв эмнэлэгт биеийн байдал нь маш хүнд байсан 82 настай иргэн сайжирчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол өнөөдөр 1,063 хүрлээ. Үүнээс 541 нь буюу нийт тохиолдлын 51 хувь нь эдгэрээд байгаа бол улсын хэмжээнд нийт 513 хүн эмчилгээнд байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсээс:
Хөнгөн-466
Хүндэвтэр-40
Хүнд-6
Маш хүнд-1 хүн байна.
Түүнчлэн өмнө нь Цэргийн төв эмнэлэгт маш хүнд гэсэн оноштойгоор эмчлэгдэж байсан 82 настай иргэний биеийн байдал сайжирч, Яармагийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн” гэсэн юм.
“Батлагдсан тохиолдлын хавьтлуудыг 14 хоног тусгаарлана”
Мөн тэрбээр “Бид ойрын хавьтал болон хоёр дахь хавьтлыг тусгаарлаж байгаа. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг ажиглан тусгаарлах байранд 14 хоног тусгаарлаж, шинжилгээ авна. Хоёр дахь хавьтлуудыг гэрт нь тусгаарлан хянаж тандаж байгаа.
Харин гаднын улс орноос ирсэн иргэдийг тусгаарлах байранд 14 хоног байлгаж, гэрийн ажиглалтад 7 хоног хянаж тандаж байгаа.
Өөрөөр хэлбэл, халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал тусгаарлах байранд 14 хоног, хоёр дахь хавьтлын хүмүүс гэртээ 14 хоног тусгаарлагдах бол гадаадаас ирсэн иргэд гэртээ болон тусгаарлах байранд нийтдээ 21 хоног тусгаарлагдана” гэдгийг онцлов.