Эдийн засаг
Ц.Атаржаргал: “А+++“ тэмдэглэгээтэй тоног төхөөрөмжийн цахилгаан зарцуулалт хамгийн бага байдаг
Иргэд автомашин худалдан авахдаа 100 км-т хэдэн литр шатахуун зарцуулахыг сонирхон судалдаг. Үүний адил цахилгаан тоног төхөөрөмж худалдан авахдаа цахилгаан зарцуулалтыг судлах нь зүйтэй юм.
Гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийн нүүрэн талд ногоон, шар, улбар шар, улаан зэрэг өнгөний уусалттай баганан хэлбэрийн “эрчим хүчний хэрэглээний шошго” байдгийг Та анзаарсан биз ээ.
Тэрхүү шошгоноос цахилгаан хэрэгслийнхээ эрчим хүчнийг зарцуулалтыг харж болно. “А+++” тэмдэглэгээтэй тоног төхөөрөмж нь хамгийн бага буюу жилд 191 КВт цаг цахилгаан зарцуулдаг, эрчим хүчний үр ашигтай. Хэрэглээний шошгон дахь улаан өнгө нь цахилгаан зарцуулалт ихтэй гэсэн тэмдэглэгээ юм.
Цахилгаан хэрэгсэл дээр өнгөөр заасан үр ашгийн шошго өндөр байх тусам цахилгаан зарцуулалт бага байдаг. Ахуйн нөхцөлд цахилгааны үр ашигтай хэрэглээтэй тоног төхөөрөмжийг ашигласнаар эрчим хүчээ хэмнэж, өрхийн төсвөө ч зохистой зарцуулах боломж бүрдэнэ.
Цахилгаан хэрэгсэл сонгохдоо юу анхаарах вэ?
Эрчим хүчний хэрэглээний шошгоос мэдээлэл авахаас гадна жишээлбэл хөргөгчийг 15-20 жил ашиглана гэж үзвэл тухайн хөргөгчний 20 жилийн хугацаанд зарцуулах эрчим хүчний хэрэглээ хөргөгчний үндсэн өртгөөс бага байх ёстой гэсэн үр ашгийн тооцоог гаргаж, сонголт хийх учиртай юм. Тиймээс эрчим хүчний хэрэглээний шошготой бараа бүтээгдэхүүнийг хэрэглээндээ тохируулан сонгохыг Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн бодлогын газрын дарга Ц.Атаржаргал зөвлөлөө.