Нийгэм

Эмзэг бүлгийн 520 өрхөд 64 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Нийтэлсэн

Европын Холбооны санхүүжилтээр Каритас Чех Репаблик байгууллага 64 сая төгрөгийн (18200 eвро) үнэ бүхий хүмүүнлэгийн тусламжийн багцыг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгт өчигдөр хүлээлгэн өглөө. Эдгээр тусламжийн багц нь COVID-19 цар тахлаас үүдэлтэй хорио цээрийн дэглэмийн нөлөөнд өртсөн эмзэг бүлгийн 520 айл өрхөд хуваарилагдан очих юм.

Хүмүүнлэгийн тусламжийн энэхүү багцад хүүхэд, гэр бүлд зайлшгүй шаардлагатай хоол тэжээл, эрүүл ахуй, боловсролын хэрэгслүүд багтжээ. Каритас Чех Репаблик байгууллага нь сүүлийн 10 жилд хог хаягдлын менежментийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй тул эдгээр бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын томоохон хогийн цэгүүд дээр хоёрдогч түүхий эд цуглуулан, зарж борлуулан амьдардаг гэр бүлүүдэд түлхүү тараахыг эрмэлзэж буй юм.

Европын Холбооны Монгол дахь Суурин Төлөөлөгч Траян Христеа “Монгол Улс дахь нийгмийн эмзэг бүлгийн хүн ам нь COVID-19 цар тахлаас үүдэлтэй хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын нөлөөнд өртөж, хүнд нөхцөлд байгааг Европын Холбоо нь ойлгож байна. Энэ жил Европын Холбоо нь Монгол улсын эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн халамжийн салбарт нийтдээ 37,5 сая еврогийн буцалтгүй тусламжийг олгосон” гэлээ.

Харин Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Энэ оны эхээр COVID-19 цар тахал дэгдэж эхэлснээс хойш Монгол улс нь түүний эсрэг тууштай тэмцэж байгаа бөгөөд дотооддоо халдвар алдсан хамгийн сүүлийн улс орнуудын нэг болоод байна. Дотооддоо халдвар алдсанаас хойш Монгол Улсын Засгийн Газар нийт хүн амын дунд COVID-19–ийн халдварын шинжилгээг хийж эхлээд байна. Тодорхой хугацаанд бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, хорио цээрийн дэглэм буюу хөл хорио тогтоосноос хойш нийгмийн эмзэг бүлгийн хүн амд нийгэм эдийн засгийн асар том нөлөө үзүүлж байна.

Иймд Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг нь хамтрагч байгууллагуудтай хамтран эдгээр хүмүүст туслах ажилд гар бие оролцож, цар тахлын сөрөг нөлөөг бууруулахад хувь нэмрээ оруулж буйдаа баяртай байна” гэлэээ.

Европын Холбоо болон Монгол Улс нь 1989 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2017 оны 11 сард Улаанбаатар хотод албан ёсоор Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байна. Төлөөлөгчийн газар нь Монгол Улс, Европын Холбооны хоорондын албан ёсны харилцааны асуудлыг хариуцдаг бөгөөд ЕХ-той холбоотой аливаа асуудлаар ЕХ-ны гишүүн орнуудын ЭСЯ-тай нягт хамтран ажилладаг төдийгүй хоёр талын эрх бүхий байгууллага, институц хоорондын харилцаа, холбооны гол хэрэгсэл юм.

Каритас Чех Репаблик (КЧР) байгууллагын тухай: КЧР байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь боловсрол, тогтвортой хөгжил болоод орон нутаг, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих замаар олон мянган иргэдийн амьдралыг дээшлүүлэх зорилготой ажилладаг. 2006 оноос тус байгууллага нь сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн боловсрол, хүний эрх, нийгмийн ажил, амьжиргааг дэмжих, хүмүүнлэгийн тусламж, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуй, байгаль орчин, хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр нийт 15 аймагт 20 гаруй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлжээ.

Exit mobile version