Дэлхий

Их Британид коронавирусийн бас нэг шинэ хувилбар бүртгэгджээ

Нийтэлсэн

Коронавирусийн шинэ хувилбар Их Британид тархсан тухай өнгөрсөн долоо хоногт зарлаж байсан бол дахин нэг шинэ хувилбар нэмж бүртгэгдсэн тухай өчигдөр зарлажээ.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас гаралтай уг шинэ хувилбараар халдварласан хоёр тохиолдол илэрсний нэг нь Лондон хотод, нөгөө нь баруун хойд Англид бүртгэгдсэн байна.

Хоёр тохиолдол нь хоёул Өмнөд Африкаар аялаад ирсэн хүмүүсийн хавьтал байжээ.

Шинэ хувилбар илэрсний дараа Их Британийн засгийн газар Өмнөд Африктай агаарын хилээ хаасан байна.

Сүүлийн 14 хоногийн дотор Өмнөд Африкаас ирсэн хүмүүст болон тэдэнтэй ойр байсан хүмүүст даруй өөрийгөө тусгаарлахыг зөвлөсөн мэдэгдэл хүргүүлжээ. Их Британийн эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок коронавирусийн хоёр дахь шинэ хувилбар илүү их санаа зовоож байгааг мэдэгдээд өөрийгөө тусгаарлах мэдэгдэл авсан хүмүүст бусадтай харилцахгүй байхыг хатуу анхааруулжээ.

Өмнөд Африкийн эрдэмтэд хүн амынх нь дунд маш хурдтай тархаж буй коронавирусийн шинэ хувилбарыг судалж байгаагаа өмнө нь зарласан юм. Одоогоор халдварлах чадвар илүү өндөр гэхээс өөр ямар онцлогтойг тогтоож чадаагүй байгаа ажээ.

Хоёр вирус хоёул N501Y гэдэг мутацид ангилагддаг ч тус тусдаа хувьсан өөрчлөгдсөн хувилбарууд гэж эрдэмтэд үзэж байгаа гэнэ. Өмнөд Африкийн эрүүл мэндийн сайд Звели Мхизе сүүлийн үед “залуу, эрүүл чийрэг хүмүүс илүү хүндээр өвчилдөг болсон” тухай өнгөрсөн долоо хоногт анхааруулж байжээ.

Тэрбээр ДОХ өвчин анх тархаж байсантай адил хүнд цаг үеийг улс орон нь туулж болзошгүй байгааг анхааруулсан байна.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад өнөөдрийн байдлаар 950,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж, 25,000 гаруй хүн нас бараад байгаа нь Африк тивдээ хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Эх сурвалж: BBC

Exit mobile version