Дэлхий

Хятад улсын насанд хүрэгчдийн талаас илүү хувь нь илүүдэл жинтэй болжээ

Нийтэлсэн

Хятадын Үндэсний Эрүүл Мэндийн Хорооноос өчигдөр гаргасан тайланд өгүүлснээр тус улсын насанд хүрсэн хүн амын 50-аас илүү хувь илүүдэл жинтэй болжээ.

Үүн дотроо 16.4 хувь нь тарган ангилалд багтсан байна. 2002 онд насанд хүрэгчдийн 29 хувь нь илүүдэл жинтэй байсан ба тэр үеэс хойш эзлэх хувь нь тасралтгүй нэмэгджээ.

Үүнд эдийн засгийн үсрэнгүй хөгжил, иргэдийн амьдралын хэмнэл, хоол хүнсний бүтэц өөрчлөгдсөн зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөн байна.

Коронавирусийн цар тахал илүүдэл жинтэй хүмүүст хүндээр туссан нь Хятадын эрх баригчдыг энэ асуудалд анхаарал хандуулахад хүргэж, энэ оны аравдугаар сард хүн амынхаа таргалалттай тэмцэх төлөвлөгөөг танилцуулсан юм.

Насанд хүрсэн хүн амын дунд хөдөлгөөний дутагдал нэмэгдэж, дөрвөн хүн тутмын нэг нь долоо хоногт ганц удаа спортын дасгал хийх хэмжээнд хүрсэн нь нийтээрээ таргалах болсны гол шалтгаан гэж судлаачид дүгнэсэн байна.

Дараагийн нэг гол шалтгаан нь иргэд хоол хүнсэндээ махыг түлхүү хэрэглэж, жимсний хэрэглээ багассантай холбоотой гэжээ.

Мөн нийгмийн дарамт шахалт нэмэгдэж, олон цагаар сууж ажиллах болсон нь таргалалтад нөлөөлж байгаа гэнэ.

Дэлхийн бусад улс орнуудад ч илүүдэл жингийн асуудал хурцаар яригдаж байна.

1975 оноос хойш дэлхий даяар таргалалтын түвшин гурав дахин нэмэгдсэнийг энэ оны эхээр ДЭМБ-ын гаргасан тайланд өгүүлжээ. Үүнд бага болон дунд орлоготой улс орнууд ч багтаж байна.

2016 оны байдлаар дэлхийн насанд хүрсэн хүн амын бараг 40 хувь нь илүүдэл жинтэй, 13 хувь нь таргалалттай байжээ. Персийн булангийн жижиг улс Катарын насанд хүрэгчдийн 70 гаруй хувь илүүдэл жинтэй гарсан нь дэлхийд тэргүүлэх муу үзүүлэлт болсон байна.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version