Дэлхий

В.Путин халдашгүй бүрэн эрхээ насан туршдаа дархлав

Нийтэлсэн

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2000 онд Төрийн тэргүүн болсноосоо хойш төр барих хугацаа, бүрэн эрх, халдашгүй дархан байдлаа алхам алхмаар нэмэгдүүлсээр байгаа билээ. Улирч буй 2020 оны зургаадугаар сард бүх ард түмний санал асуулгад үндэслэн ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ дагуу одоо 68 настай В.Путинд 2036 он хүртэл буюу 83 нас хүртлээ Ерөнхийлөгчөөр үлдэх боломжийг нээсэн юм.

Тэгвэл В.Путин энэ сарын 22-ны өдөр Экс Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийн халдашгүй бүрэн эрхийг өргөжүүлэх тухай хуулийг баталгаажуулан гарын үсэг зурлаа. Ингэснээр тэрээр халдашгүй бүрэн эрхээ насан туршдаа баталгаажууллаа гэж хэлж болно. Өнгөрсөн 11 дүгээр сард ОХУ-ын Төрийн Думаар уг хуулийг хэлэлцэн баталсан билээ.

Уг хуулийн дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч асан эрхэм олон талын халдашгүй эрх эдлэх ажээ. Экс Ерөнхийлөгчид эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхгүй, баривчлах, саатуулах, байцаах, нэгжих, хуулийн дагуу үзлэг хийх ёсгүй болж байгаа юм. Түүнчлэн оршин суугаа орон сууц, албан тасалгаа, тээврийн болон холбооны хэрэгсэл, баримт бичиг, ачаа тээш, захидал харилцааг ч шалгах ёсгүй болж байна. Ийнхүү ОХУ-ын Төрийн тэргүүн хүн бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үедээ төдийгүй албанаасаа буусны дараа насан туршдаа халдашгүй бүрэн эрх эдлэх дархлаатай байхаар албан ёсоор хуульчлагдав.

Хуулиас харвал Ерөнхийлөгч асныг захиргааны хууль зөрчих, хөнгөн болон дунд зэргийн хохиролтой эрүүгийн хэрэг үйлдэх, тэр бүү хэл хүний амь санамсаргүйгээр хохирооход ч хариуцлага хүлээлгэх ёсгүй аж. Ерөнхиийлөгчөөр ажиллаж байсан хүний халдашгүй бүрэн эрхийг энэ хуулийн дагуу цуцлахад туйлын хүнд гэдэг нь ойлгомжтой.

Улс эх орноосоо урвасан болон маш ноцтой хүнд гэмт хэрэг өдүүлсэн тохиолдолд Төрийн Думын депутатуудын гуравны нэгээс багагүй хувийн саналаар, танхим тус бүрийн гишүүдийн гуравны хоёр нь хүлээн авсан тохиолдолд Холбооны зөвлөлөөс холбогдох шийдвэрийг гаргах гэнэ.

Түүний сацуу Дээд шүүх болон Үндсэн хуулийн Цэц дээрх шийдвэрийг баталсан цагт л шийтгэл хүлээж болох ажээ. Ингээд зогсохгүй, эдгээр шийдвэрийг гаргаснаас хойш Дээд танхимаас гурван сараас хэтрүүлэлгүй экс Ерөнхийлөгчийн халдашгүй бүрэн эрхийг цуцлах тухай асуудлыг шийдвэрлэх бөгөөд хугацаа хэтэрвэл шийтгэл хүлээлгэх асуудлыг хүчингүй болгохоор тусгажээ.

Мөн тус улсын Ерөнхийлөгч нар бүрэн эрхийнхээ хугацаа дууссаны дараа автоматаар парламентын дээд танхим буюу Холбооны зөвлөлийн гишүүн болж, насан туршдаа уг албыг хашихаар заажээ. Түүнчлэн өөрийн сонгосон 30 хүртэл тооны хүнийг зургаан жилийн хугацаатайгаар Холбооны зөвлөлийн гишүүнээр томилох, заримыг нь өөртэй нь ижил насан туршийн гишүүнээр томилох эрхтэй байхаар заагаад байна.

Уг хуулийг ОХУ-ын экс Ерөнхийлөгч нарт хамаатай гэвэл өмнө нь Төрийн тэргүүн байсан, В.Путины “Сайн дүү” хэмээгддэг Д.Медведевт бас хамаарах юм.

Хэдийгээр ОХУ-д В.Путины хязгааргүй дархан эрхийг эсэргүүцсэн жагсаал цуглааан болж, сөрөг хүчнийхэн эсэргүүцлээ илэрхийлдэг ч тэр бүрийг хүчний байгууллагын хяналт дор цаг тухайд нь дарсаар ирсэн билээ.

Шинэ хууль батлагдсанаар экс Ерөнхийлөгч төдийгүй гэр бүлийнхэн нь ч насан туршдаа халдашгүй дархан эрх ямба эдлэх бүрэн боломж нээгдлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version