Дэлхий

ОХУ-ын гадаад хэргийн яамнаас 1 сая доллар хулгайд алдагджээ

Нийтэлсэн

ОХУ-ын Гадаад хэргийн яаманд хулгайн хэрэг гарч, нэг сая ам.доллар алга болсон тул нэгэн албан хаагчийг баривчилсан байна. Рен телевизийн сувгаар өчигдөр/2020.12.24/ мэдээлсэнчлэн тус нэг сая ам.доллар нь консулын үйлчилгээний төлбөр болгож Иранаас илгээсэн 1.5 сая ам.долларын хэсэг нь байжээ. Мөнгийг дипломатчид сангийн яамны мэргэжилтэн Наталиа Агалцовад хоёр цүнх, нэг Шведийн Абсольют архины хайрцганд хийн хүргэсэн байна. Харин Агалцовагийн хэлснээр тэрбээр мөнгийг тоолж үзэх гэтэл хамгийн дээд талын дэвсгэртүүд нь 100 ам.долларын дэвсгэрт атлаа доод талынх нь мөнгөнүүд нэг ам.долларын дэвсгэртээр солигдож, зөрүүд нь сая гаруй ам.доллар алга болсон байжээ.

Иран АНУ-ын тавьсан хоригоос болоод албан ёсоор гадаад оронд мөнгө шилжүүлж чадахгүй учир бэлэн мөнгөө Тегеран дахь ОХУ-ын элчин сайдад өгсөн аж. Харин элчин сайдын яам мөнгийг аюулгүй газарт хийж, байнгын хараа хяналттай байсан хэмээн мэдээлсэн байна. Агалцова дутсан мөнгийг оффисынхоо бүртгэлийн бэлэн мөнгө, өөрийн хадгаламж 200 мянган ам.доллараар нөхөх гэж оролдсоноос гадна үлдсэнийг нь банкнаас зээл авч аргалах гэсэн ч банк татгалзсан тул амиа хорлохыг хүртэл оролдсон хэмээн мэдүүлсэн байна. Харин мөрдөн байцаагч нар шаргуу ажилласны эцэст Агалцоваг өдрийн цагаар оффисоосоо хоёр том цүнхтэй гарч байгаа бичлэгийг олж, нотлох баримт болгожээ. Улмаар түүний хамтран амьдрагчийг мөн баривчилсан ч удалгүй гэрчээр дуудахын тулд сулласан гэнэ.

Хэргийн талаар тодорхой мэдээлэл байхгүй ч Рен телевизийн нэвтрүүлэгт Агалцовагийн хөрш хэмээх нэгэн эр ярилцлага өгөхдөө “Тэр хоёр надад хадгалж байгаарай гээд нэг цоожтой хайрцаг өгсөн. Хожим нь мөрдөн байцаагчид надаас тэр хайрцгийг аваад шалгаж үзтэл дотор нь 148 мянган ам.доллар байсан” хэмээн ярьжээ.

Exit mobile version