Дэлхий

Путин “Спутник V” вакциныг хийлгэхээ мэдэгдлээ

Нийтэлсэн

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин коронавирусийн цар тахлын эсрэг Оросын эрдэмтдийн гарган авсан “Спутник-V” вакциныг хийлгэхээ мэдэгдлээ. Эна талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков олон нийтэд мэдээллээ. Өмнө нь “Спутник-V” вакциныг зарим насны хүмүүс хийлгэж болох зөвшөөрлийг ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас олгоогүй байсан юм.

Тэгвэл хэд хоногийн өмнө тус улсын Эрүүл мэндийн яам “Спутник-V” вакциныг 60-аас дээш насны хүмүүс хийлгэхэд аюулгүй гэдгийг мэдэгджээ. Үүний дараа Ерөнхийлөгч Путин вакцин хийлгэх шийдвэр гаргасан бөгөөд энэ талаар удахгүй олон нийтэд мэдээлнэ гэж Песков хэллээ.

Эргэн сануулахад өнгөрсөн наймдугаар сард ОХУ коронавирусийн эсрэг дэлхийн анхны вакцинаа баталгаажуулж “Спутник-V” хэмээн нэрлэж байгаагаа Ерөнхийлөгч Владимир Путин зарласан билээ. Энэ нь  ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харъяа микробиологи, халдварт өвчин судлалын Гамалейн үндэсний судалгааны хүрээлэнгийн зургаагаас долдугаар сарын туршилтын үр дүнд бүтсэн вакцин юм.

“Спутник-V” вакциныг Путины нэг охин тариулсан талаар тэрбээр “Bloomberg” телевизэд өгсөн ярилцлагын үеэр хэлж байсан юм.

Exit mobile version