Нийгэм

Д.Алтангэрэл: Гамшгийн үед иргэдийн сэтгэл зүй хамгийн чухал

Нийтэлсэн

ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, доктор, хурандаа Д.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Гамшиг судлалын хүрээлэн бол онцгой байдлын байгууллагын бодлогын түвшний суурь судалгааг хийдэг газар. Өнгөрсөн хугацаанд хэрхэн ажиллаж ирэв?
-Гамшиг судлалын хүрээлэн байгуулагдсаны түүхэн 15 жилийн ой энэ жил тохиолоо. Цар тахлын халдвар, хорио цээрийн дэглэм тогтоож бүх нийтийн арга хэмжээг цуцалсан ч тавьсан зорилт төлөвлөсөн ажлаа бүрэн дүүрэн хийж гүйцэтгэлээ. Хүрээлэнгийн судлагдахууны цар хүрээг өргөтгөхөд манай хамт олон онцгой анхаарч ажиллаж байна. Энэ утгаараа бусад хүрээлэнгүүд манайхтай хамтрах санал багагүй ирүүлдэг.

Гамшиг судлалын хүрээлэнгийн гэрэл зургийн түүхэн цомог, 15 жилд хийж гүйцэтгэсэн судалгааны бүтээлийн товчоон, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулахуйц шинжлэх ухааны бүтээлүүд туурвисан эрдэмтэн генералуудын цуврал номын хүрээнд хошууч генерал П.Даш, хошууч генерал О.Үржин нарын түүхэн замналыг өгүүлсэн ном, хошууч П.Чимэдцэрэн “Химийн хорт бодисын эрсдэл” зэрэг номыг эрхлэн гаргалаа.

Шатахууны сэлгэлт хийхээр шатах тослох материал тодорхой хэмжээнд ууршиж жингийн зөрүү гардаг. Тэр алдагдал, хоргодлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр буюу лабораторийн аргаар тооцоолж байгаа учраас хадгалалтын жин зөрүүг зохистой хэмжээнд барих ач холбогдолтой.

Хүрээлэн гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах салбарт судалгаа, шинжилгээ, технологи, инновацыг нэвтрүүлэн гамшгийн эрсдэлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах үндсэн зорилгоор 15 жилийн ойн хүрээнд гамшиг судлалын чиглэлээр хийсэн судалгаа, шинжилгээний бүтээлээрээ Онцгой байдлын байгууллагын харьяа анги, салбаруудад 41 багц, 1000 орчим номоор бэлэг барилаа.

Мөн ОБЕГ-ын захиалгат “Улсын нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох арга зам”, “Гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээ”, “Хувийн сууцны галд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх боломж”, “Барилгад ашиглаж буй бодис, материалын галын аюулын шинж чанар, тэдгээрийг ашиглалтад хийсэн шинжилгээ”, “Сумдад байгуулагдсан сайн дурын хэсгийн үйл ажиллагааны өнөөгийн байдалд хийсэн судалгаа”, “Улсын нөөц дэх гурилын хадгалалтад хийсэн судалгаа” сэдэвт судалгааны ажлуудыг хийж Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн хүлээлгэн өглөө. Эдгээрээс “Улсын нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох арга зам” судалгаа 2020 оны Шилдэг бүтээлээр шалгарсан.

-Хүрээлэнгийн дэргэд газрын тосны бүтээгдэхүүний лабораторийг шинээр байгуулсан. Ач холбогдол, үр өгөөжийг тодорхойлбол?
-Улсын нөөцөд хадгалах газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хянах, мэдээллийн бааз байгуулах хэрэгцээ шаардлагад үндэслэн хүрээлэнгийн Нөөц судлалын төвд Газрын тосны бүтээгдэхүүний лабораторийг шинээр байгууллаа. Лабораторид шатахууны найрлагын бүрэлдэхүүн, чанарыг тодорхойлж, стандартын шаардлагад нийцсэн шатахуунаар улсын нөөцийг бүрдүүлэх үндсэн үүрэгтэй ажиллах юм. Улсын нөөцөд хадгалдаг стратегийн бараа буюу шатах тослох материалыг өмнө нь хувийн лаборатороор хянадаг байсан.

Шатахууны сэлгэлт хийхээр шатах тослох материал тодорхой хэмжээнд ууршиж жингийн зөрүү гардаг. Тэр алдагдал, хоргодлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр буюу лабораторийн аргаар тооцоолж байгаа учраас хадгалалтын жин зөрүүг зохистой хэмжээнд барих ач холбогдолтой. Мөн хэрэглэгч, байгууллагын хүсэлтээр шинжилгээ хийж болно. Манай хүрээлэнд гал, цацраг химийн лаборатори бий. Ирэх жилээс нэмээд үр тариа, хүнсний лаборатори байгуулахаар ажиллаж байна. Улсын нөөцөд авч байгаа буудай ямар сорт гэдгийг шинжлэх, ганд тэсвэртэй буудайг шинжлэх зориулалтаар лабораториудыг өргөтгөж байна.

Улсын нөөцөд авч байгаа буудай ямар сорт гэдгийг шинжлэх, ганд тэсвэртэй буудайг шинжлэх зориулалтаар лабораториудыг өргөтгөж байна.

Хүрээлэнгээс томоохон туршилт хийсний нэг нь Булган аймгийн Сэлэнгэ суманд 50 га, Увс аймгийн Баруунтуруунд 100 га-д үр үржүүлгийн тариалалт хийж 155 орчим тонн буудай хураан авлаа. Ганд тэсвэртэй сорт турших дөрвөн жилийн судалгааны хүрээнд газар тариалангийн таван бүсэд буудайн 15 сорт сорьж Улсын сорт сорилтын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Эдгээрээс “Сондор сорт” нутагшсан сортоор батлагдсан нь Монгол Улсын хэмжээнд сүүлийн 30-аад жилд хийгдээгүй үрийн бодлогод үнэтэй хувь нэмэр оруулах томоохон туршилт судалгаа боллоо.

Гамшиг судлалын хүрээлэнгийн дэргэдэх Гарааны компанид үйлдвэрлэж байгаа байгалийн эрдэс цеолитоор баяжуулсан багсармал тэжээл нь өвөл, хаврын улиралд адууны тэжээлийн жорд оролцуулан тэжээхэд малд уураг эрдсийн нэмэгдэл болж, амьдын жин, ашиг шимд эерэг нөлөө үзүүлж, уураг, эрдэс бодисын дутагдлаас сэргийлэх боломжтойг судалгаагаар тогтоолоо. Туршилтыг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд туршиж, үр ашигтай болохыг мал, аж ахуйн салбарын эрдэмтэд тодорхойлоод байна.

-Монгол орны онцлогоос гадна дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөр гамшиг осол нэмэгдэх хандлагатай байна. Манай улсын гамшгаас хамгаалах төрийн бодлого аль түвшинд байна вэ?
-2011 онд УИХ-аар Гамшгаас хамгаалахын төрийн бодлого баталсан нь энэ жил дуусч байгаатай холбогдуулан Гамшиг судлалын хүрээлэнгээс судалгаа шинжилгээ хийсэн.Үүнтэй холбоотойгоор 2021-2030 онд гамшгаас хамгаалах төрийн бодлого ямар байх талаарх саналаа ОБЕГ-т өгсөн. Өмнөх бодлогын дутагдалтай, өгөөжтэй тал нь юу байв. Гамшгаас хамгаалахад техникийн дэвшлийг хэрхэн ашиглах зэргээр шинжлэх ухаан талаас нь бодлого боловсрууллаа.

Олон улсын жишгээр бол арав болон түүнээс дээш хүн эндсэн, бүс нутгийн хэмжээнд тодорхой хэмжээний эдийн засгийн хохирол учирсан бол гамшиг гэж үздэг. Манай улсад бол жилд тохиож байгаа аюулт үзэгдэл ослын тоогоор илэрхийлдэг. Энэ мэтээр гамшгийн шалгуур үзүүлэлтийн талаар судалж холбогдох байгууллагад нь хүргүүлсэн.

Объектын түймрийн хувьд барилгууд дээр тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх байдлаар эрхзүйн орчныг сайжруулах ёстой.

Улсын хэмжээнд ойролцоогоор жилд 5000 орчим аюулт үзэгдэл, осол бүртгэгддэг. Эдгээрийн дийлэнх нь объектын болон ой хээрийн түймэр байдаг. Тиймээс цаашид гамшиг, ослын давтамжийг багасгах, гамшгийн төрлөөс хамаарч ямар бодлого баримтлах вэ гэдгээ нарийн томьёолсон. Тухайлбал, ой хээрийн түймрийн давтамж өндөр байдаг зүүн аймгуудад нарны үүсгүүр бүхий дулаан мэдрэгч, хөдөлгөөн илрүүлэгч өндөр нягтралтай камер зэргээр тоноглосон байнгын хяналтын цамхаг байгуулах. Цамхгаар зөвхөн ой хээрийн түймрийг хянахаас гадна малын хулгай, хулгайн ан, аялагчдын аюулгүй байдлыг хангах, төөрсөн иргэдийг эрэн хайх зэрэг олон хэлбэрээр үр дүнтэй ашиглах боломжтой.

Ер нь гамшигтай тэмцэнэ гэдэг салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахтай салшгүй холбоотой. Гамшигтай тэмцэх нь зөвхөн онцгой байдлын байгууллагын биш бүх нийтийн үүрэг учраас энэ үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог идэвхжүүлэх нь чухал. Нэг удаагийн томоохон түймэр гарахад 300 саяас хэдэн арван тэрбум төгрөгийн хохирол учирдаг. Өөрөөр хэлбэл, гамшиг ослын талаарх зардлаас 10-50 дахин бага өртгөөр урьдчилан сэргийлж чадна.Тиймээс хяналтын цамхаг хийхээс гадна худагжуулах ажлыг зөв зохион байгуулах хэрэгтэй.

Худгийг айлын хаяанд биш усны судлыг нь харж байгаад өндөр газарт байгуулбал хуурайшилтын үед тодорхой голдирлоор нь урсгах нь түймрийн үед усан цурам татаж түймрийг хязгаарлаж болох ба бэлчээр услах, бэлчээрийн өвсний гаралтад эерэг нөлөө үзүүлэх давуу талтай. Объектын түймрийн хувьд барилгууд дээр тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх байдлаар эрхзүйн орчныг сайжруулах ёстой.

-Улс орнууд гамшгаас хамгаалах тогтолцооны цөмийг сайн дурынхнаар бүрдүүлдэг. Манай улсад сайн дурынхны дэмжлэг, зохион байгуулалт хангалтгүй байгаа нь юутай холбоотой вэ?
-Хүрээлэн энэ жил сайн дурынхны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсэн. Сайн дурынхан орон нутаг жинхэнэ утгаараа ажиллахгүй байна. Нөгөө л ЗДТГ-ын харуул, нярав зэргээр төрд томилгоотой хэдэн хүнээр бүрдүүлдэг. Олон улсын байгууллагаас сайн дурынханд багаж хэрэгсэл өгдөг ч ашигладаггүй.

Улсын хэмжээнд ойролцоогоор жилд 5000 орчим аюулт үзэгдэл, осол бүртгэгддэг. Эдгээрийн дийлэнх нь объектын болон ой хээрийн түймэр байдаг.

Яаралтай гамшгийн нөхцөл байдал үүсэхэд томилгоотой хүмүүсийг дуудах боломжгүй. Тиймээс сайн дурынхны үүргийг тодорхой болгох санал гарсан. Ингэхдээ бүс нутгийн онцлогоос хамаарч сайн дурынхны бүлгийг системчлэн байгуулах, чадавхжуулах зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, говьд ой хээрийн түймрээс илүүтэй эрэн хайх, уулархаг бүсэд аврах ажиллагааны сайн дурын бүлэг зэрэг орон нутгийн аюулт үзэгдэл ослын тоо давтамжаар харгалзаж байгуулах хэрэгтэй.

Гамшгаас хамгаалах хуульд гамшгаас урьдчилан сэргийлэх зардлыг аймаг орон нутаг төсвийнхөө нэг хүртэлх хувийг зарцуулахаар тусгасан ч бодитоор хэрэгжиж байгаа нь ховор байна. Хяналт ч сул байгаа. Сайн дурынхны эрхзүйн байдал, урамшууллын тогтолцоог сайжруулах шаардлагатай.

-Цар тахлын үед Гамшиг судлалын хүрээлэн ямар үүрэг, оролцоотой ажиллаж байна вэ?
-Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлэх аливаа арга хэмжээний суурь судалгааг Гамшиг судлалын хүрээлэн хийдэг. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлж төрөөс авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээний талаарх иргэдийн санаа бодлыг тандах зорилгоор 3000 орчим иргэдээс асуулгын судалгаа, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой иргэдийн хүлээлт, санал бодлыг тандах зорилгоор 1300 орчим иргэдээс судалгаа авч, боловсруулалт хийн холбогдох шийдвэр гаргагчдад зөвлөмж хүргүүлэн ажиллалаа.

Гамшигтай тэмцэх явдал бол салбарын дундынх байх ёстойг харуулж байна. Төрийн байгууллагууд дэргэдээ судалгааны байгууллагатай байх, наанадаж судалгааны багтай байх нь үр дүнтэй нь болохыг COVID-19 харуулж байна л даа. Цар тахал бидэнд олон зүйлийг хийж хэвшүүлэх шаардлагатайг харууллаа. Муугаар бодоход газар хөдлөлт болж томоохон нуранги үүсэж олон арван хүний амь эрсэдсэн үед иргэдийн сэтгэл зүйн бэлтгэл энэ янзаараа хангалтгүй байна.

Бидний тооцоолоогүй олон сөрөг дагавар гарахгүй байх баталгаа алга. Тиймээс гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх сургалт, дадлагуудыг тогтмол зохион байгуулах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд хорио цээрийн дэглэмийн үед төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг иргэд шүүмжлэхээс илүү хэрэгжүүлж ажиллах нь энэ цаг үед маш чухал байна.

Exit mobile version