Дэлхий
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ойрын үед вакцин хийлгэхээр болсныг Кремлийн төлөөлөгч мэдээлжээ
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ойрын үед коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдахаар болсныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Ням гарагт мэдээлжээ.
“Вакцин хийлгэх шийдвэрээ ерөнхийлөгч ойрын үед зарлах төлөвтэй байна” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр Россия 1 сувагт ярьсан байна.
Эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, багш нар, стратегийн чухал салбарын ажилтнуудыг хамруулж байсан бол өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын эрх баригчид нийт хүн амын 60-аас дээш насныхныг вакцинжуулалтад хамруулах шийдвэр гаргасан юм.
Владимир Путин энэ оны эхээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй утсаар ярихдаа анх өөрийн эрдэмтдийн бүтээсэн вакциныг хийлгэх тухайгаа ярьж байжээ. Харин сүүлд мэдэгдэхдээ Спутник V вакцины туршилтын үе шат дуусахыг хүлээж байгаагаа тайлбарлаж байв.
Москва хотын Гамалейн нэрэмжит хүрээлэнд бүтээсэн Спутник V вакцины сүүлчийн шатны туршилт ямар нэг сөрөг нөлөө, хүндрэл илрэлгүй дууссанаар хүн амыг дархлаажуулахад бэлэн болсон байна.
Өнгөрсөн хугацаанд ОХУ-д нийтдээ 700,000 хүн уг вакциныг хийлгэжээ.
Одоогоор дэлхийн улс орнуудын удирдагч нараас АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден, Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нар телевизийн камерны өмнө коронавирусийн эсрэг вакцин хийлгээд байна.
Эх сурвалж: Russia Today