Нийгэм

AstraZeneca-гийн вакцин хүмүүсийг коронавирусийн шинэ хувилбаруудаас хамгаалж чадна гэв

Нийтэлсэн

Бүтээсэн вакцин нь сүүлийн үед Их Британи, Өмнөд Африк улсуудад илрээд байгаа коронавирусийн шинэ хувилбаруудаас хамгаалах чадвартай гэж үзэж байгаагаа AstraZeneca компанийн гүйцэтгэх захирал Паскаль Сориот өчигдөр Sunday Times сонинд ярьжээ.

“Бүтээсэн вакцин маань вирусийн шинэ хувилбаруудаас хамгаалах чадвартай гэж бид үзэж байна. Үүнийг батлан харуулахын тулд туршилт явуулна” гэж Сориот ярьсан байна.

Тус компани Оксфордын их сургуультай хамтран коронавирусийн эсрэг вакцин бүтээсэн юм. Их Британийн засгийн газар одоо уг вакцинд зөвшөөрөл өгөх эсэхээ шийдвэрлэхээр судалж байна.

Тус улсын засгийн газар хэд хэдэн үйлдвэрлэгчээс нийт 357 сая тун вакцин авах гэрээ байгуулаад байгаагийн хамгийн их нь буюу 100 сая тун нь AstraZeneca компанийн бүтээгдэхүүн юм.

Өнгөрсөн долоо хоногт Германы BioNTech компанийн захирал Угур Сахин мөн бүтээсэн вакцин нь хүмүүсийг коронавирусийн шинэ хувилбаруудаас хамгаалах чадвартай гэж үзэж байгаагаа мэдэгдэж байв.

BioNTech-ийн АНУ-ын Pfizer компанитай хамтран бүтээсэн вакцинаар Их Британийн засгийн газар хүн амаа дархлаажуулах ажлыг эхлүүлээд байгаа. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийт 617,000 британи хүн вакцинжуулалтад хамрагджээ.

Коронавирусийн хувьсаж өөрчлөгдсөн эхний хувилбар Их Британид бүртэгдсэн юм. Ердийн вирусээс 70 хувь илүү халдварлах чадвартай гэгдэж байгаа энэ хувилбараар тус улсад 40,000 орчим хүн халдварлаад байна.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад анх илэрсэн хоёр дахь хувилбар өнгөрсөн долоо хоногт Их Британид бас илэрсэн юм. Үүний улмаас дэлхийн олон орон энэ хоёр улсаас ирэх зорчигчдод хилээ хаагаад байна. Хамгийн сүүлд Япон улс шинэ хувилбарын долоон тохиолдол илэрсний дараа өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарыг дуустал гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж: Business Insider

Exit mobile version