Дэлхий

Хятадын эрх баригчид Алибаба группт финтек компаниа цомхотгох даалгавар өгчээ

Нийтэлсэн

Хятадын засгийн газар тус улсын хамгийн баян хүмүүсийн нэг Жэк Магийн үүсгэн байгуулсан Алибаба группын хүчин чадлыг хязгаарлах арга хэмжээгээ нэг шатаар ахиулжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Бээжингийн эрх баригчид Алибаба группын онлайн худалдааны платформын монополь үйл ажиллагааг шалгах ажлыг эхлүүлсэн юм.

Тэгвэл өнгөрсөн Бямба гарагт Хятадын төв банкны дэд ерөнхийлөгч Пан Гоншэнь тус группын финтек салбар болох Ант Группын удирдлагуудыг хүлээж авч уулзахдаа санхүүгийн зарим үйлчилгээгээ хязгаарлах үүрэг даалгавар өгсөн байна.

Энэ үеэр Пан Гоншэнь Ант Группын засаглалын бүтэц эрүүл биш байгааг шүүмжилж, тус компанийг үндсэн үйл ажиллагаа болох төлбөр тооцооны бизнестээ төвлөрч, зээл, даатгал, хөрөнгийн менежмэнтийн бизнесүүдээ цомхотгох чиглэл өгсөн тухай Даваа гарагт албаны эх сурвалж мэдээлжээ.

Дээр дурдагдсан бизнесүүд нь Ант Группын хамгийн хурдтай өсөж байгаа, хамгийн их ашиг өгч буй салбарууд юм.

Өчигдөр Ант Группээс гаргасан мэдэгдэлд эрх баригчдын өгсөн үүрэг даалгаврын дагуу “үйл ажиллагааг засаж сайжруулах ажлын хэсэг” байгуулснаа зарласан байна.

Энэхүү мэдээг тарсны дараа Даваа гарагт Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр Алибабагийн хувьцааны ханш 8 хувиар унажээ.

Аравдугаар сарын 24-ний өдөр Шанхайд болсон нэгэн чуулганы үеэр Жэк Ма эрх баригчдын бодлогыг шүүмжилж байв. Тэр өдрөөс хойш Алибаба компани зах зээлийн үнэлгээнийхээ дөрөвний нэг орчмыг алдаад байгаа.

Тухайн үед Жэк Ма эрх баригчдын хуучинсаг арга барилыг шүүмжлэхдээ “Бид нисэх онгоцны буудлыг төмөр замын буудлын дүрмээр зохицуулж болохгүй”, “Өчигдрийн арга барилаар маргаашийг зохицуулах ёсгүй” гэх зэргээр ярьж байжээ. Уг чуулганд Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний баруун гар гэгддэг Ван Чишань, төв банкны ерөнхийлөгч И Ган, сангийн дэд сайд Зоу Жяй зэрэг албаны хүмүүс оролцож байсан юм.

Энэ явдлын дараа Ант Групп дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн том IPO ажиллагааг Шанхай, Хонг Конгийн биржүүд дээр явуулж, нийтдээ $37 тэрбумыг босгох гэж байсныг Хятадын засгийн газар зогсоож байв. Үүний өмнө хөрөнгө оруулагчид Ант Группын зах зээлийн үнэлгээг $316 тэрбум гэж тооцоолж байсан нь Хятадын болон АНУ, Их Британийн хамгийн том банкнуудын үнэлгээг ч давж байжээ.

Дээрх үйл явдлуудын дараа Жэк Магийн хөрөнгийн хэмжээ $10 тэрбум гаруйгаар буурч, $49 тэрбумд хүрснээр Хятадын хамгийн баян хүний титмээ алдсан юм. Одоогоор Хятадын өөр нэг технологийн аварга компани Тенсэнтийн үүсгэн байгуулагч Пони Ма хөрөнгийн хэмжээгээр тэргүүлж байгааг Блүүмбэрг мэдээлсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Exit mobile version