Дэлхий

Хонгконгт шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

Нийтэлсэн

Шинэ төрлийн “коронавирус”-ээр халдварласан хүний тоо 20 мянга 600 давж, 427 хүн нас бараад байна. Хонгконгт халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь Эх газрын Хятадаас гадна нас барсан хоёр дахь тохиолдол болж байна. Харин эдгэрсэн хүний тоо 657 болжээ. Одоогоор эмнэлэгт 11 мянган хүнийг эмчилж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар 2700 гаруй хүний биеийн байдал хүндхэн байгаа ажээ.

 

Тархалтаас сэргийлж БНХАУ-ын зарим муж Сар шинийн баярын амралтыг сунгаад байна. Улмаар БНХАУ-ын эдийн засгийн гуравны хоёр нь энэ долоо хоногт зогсолтын байдалд шилжсэн хэвээр байх юм байна. Шинэ төрлийн “коронавирус” БНХАУ-ын нийгмийн тогтвортой байдалд нөлөөлж болзошгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпин анхааруулаад байна. Үүнээс гадна Тайланд улс Ухань хотоос 144 иргэнээ татахаар бол Канад улс Уханиас 300 гаруй иргэнээ татахаар онгоц буулгах зөвшөөрлөө хүлээж байгаа ажээ.

Хонгконгийн захирагч Керри Лам “Хилийн шалган нэвтрүүлэх албаны тоо баримтыг харвал өдөрт 76 мянган хүн хилээр нэвтэрч, 30 мянган хүн гарч байна. Явж буй иргэд буцаж ирнэ. Тэд өвчин тээн ирэх эрсдэлийн асуудал хөндөгдөж байна. Энэ шалтгаанаас үүдэн бид хилийн хяналтаа үргэлжлүүлэн чангатгаж, хөл хөдөлгөөнийг бууруулах арга хэмжээ авч байна. Хуурай газар болон усан боомтоор хил дамжих хөдөлгөөнийг хязгаарлаж, хилээр шалган нэвтрүүлэх хоёр л алба ажиллана” гэж мэдэгдлээ.

БНХАУ-ын Засгийн газар дахин бонд гаргахаас авхуулаад эдийн засгаа дэмжих алхмууд хийхээр төлөвлөж байна. Мөн энэ оны эдийн засгийн өсөлтийн зорилтот хэмжээг бууруулж магадгүй талаар эх сурвалж мэдээллээ. 2019 онд БНХАУ-ын эдийн засаг Засгийн газрынх нь таамаглаж байсанчлан 6.1 хувиар буюу сүүлийн 30 жилийн доод хурдаар өссөн байна. “Bloomberg Economics”-ийн тооцоолсноор өсөлт энэ улиралд 4.5 хувь болж буурч магадгүй байна. Түүнчлэн БНХАУ-ын талаас АНУ-ыг худалдааны эхний шатны хэлэлцээрт өгсөн амлалтуудаа биелүүлэхэд уян хатан хандахыг зөвшөөрнө гэж найдаж байгаа юм байна. Хоёрдугаар сарын дунд үеэс хэрэгжиж эхлэх энэ хэлэлцээрт байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр хэрэгжилтийг хойшлуулах талаар хэлэлцэх нөхцөл багтжээ. БНХАУ-ын талаас энэ чиглэлд хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Үүнээс гадна АНУ-ын “Gilead” компани вирусийн эсрэг “Remdesivir” нэртэй эмийг гаргаж авсан байна. Үүнийгээ Ухань хотод хүн дээр туршихаар бэлтгэж байгаа юм байна. Шинэ төрлийн “коронавирус”-ийн эсрэг вакциныг хөгжүүлэхэд 12-18 сар шаардлагатай гэж Английн эм үйлдвэрлэгч “Glaxosmithkline” компани мэдээллээ.

Exit mobile version