Эдийн засаг

ХААН банкны Гүйцэтгэх захирлаар Р.Мөнхтуяа томилогджээ

Нийтэлсэн

ХААН Банкны Гүйцэтгэх захирлаар 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Рэнцэнбатын Мөнхтуяа томилогдож, 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл амжилттай ажилласан Жон Белл захирлын халааг авлаа.

Р. Мөнхтуяа нь банк санхүүгийн салбарт 26 жил тогтвортой, тууштай ажиллаж буй бөгөөд 2000-2005 онд ХААН Банканд ерөнхий нягтлан бодогч, 2005-2008 онд Санхүү хариуцсан дэд захирал, 2008-2010 онд ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч, 2010-2012 онд Байгууллагын банк хариуцсан дэд захирал, 2012-2020 он хүртэл Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Гүйцэтгэх захирлын орлогчоор тус тус ажилласан мэргэжлийн туршлагатай банкир юм.

Р.Мөнхтуяа нь СЭЗИС-ийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр зэрэг, МУИС-ийг Эдийн засаг, банкны чиглэлээр, 2012 онд БНСУ-ын “Хандонг глобал” их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан.

ХААН Банкийг Монголын зах зээлд тэргүүлэгч, томоохон банк болтол өргөжиж, санхүү, бизнесийн чиглэлээр үсрэнгүй ахиц гарган, өнөөгийн амжилтад хүрэхэд Р.Мөнхтуяа захирлын мэдлэг туршлага, удирдах арга барил, үүрэг, оролцоо ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг ХААН Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл, удирдлагын багийнхан, хамтран ажиллагсад онцолж байна. ХААН Банкны нийт харилцагчид, түнш байгууллагууд, Төлөөлөн Удирдах Зөвлөл, ажилтнуудын нэрийн өмнөөс Гүйцэтгэх захирлаар томилогдсон Р.Мөнхтуяад ажлын өндөр амжилт хүсье.

ХААН Банкийг 2016 оноос хойш амжилттай удирдан зах зээлд тэргүүлэгч байр сууриа бататгахад томоохон хувь нэмэр оруулсан Жон Белл захирал банкандаа зөвлөхөөр үргэлжлүүлэн хамтран ажиллах юм.

Монгол Улсын “ТОП-100 ААН”-ийн жагсаалтад сүүлийн дөрвөн жил дараалан дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж ирсэн ХААН Банк нь 550 салбар нэгж болон цахим банкны хамгийн том сүлжээг байгуулаад байна. Мөн түүнчлэн Монголбанкнаас тавьдаг бүх зохистой, шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллаж буйн зэрэгцээ 2020 оны 9-р сарын 30-ны байдлаар ХААН Банкны нийт өөрийн хөрөнгө 1.2 их наяд төгрөг, нийт актив 11.1 их наяд төгрөгт хүрсэн нь банкны салбарыг тэргүүлсэн үзүүлэлт төдийгүй системийн 31.5 хувийг эзэлж байна.

Exit mobile version