Энтертайнмент
Манчестер Юнайтед аваргын төлөөх өрсөлдөөнд нэгдлээ
Премьер лигийн 16-р тойргийн таван тоглолт урьд шөнө явагдахад Ман Юнайтед, Арсенал, Лийдс, Бөрнли клубүүд хожил авч Соутхэмптон – Вэстхэм клубүүд гоолгүй тэнцлээ.
Манчестер Юнайтед талбайдаа лигийн “хатуу самар” Волверхэмптоныг хүлээн авч 1:0-ээр хожив. Тоглолт гоолгүй тэнцээгээр өндөрлөхөд ойрхон байсан ч 90+3 дахь минутад Маркус Рашфорд, Бруно Фернандешийн дамжуулалтаар цор ганц хожлын гоолыг оруулав.
“Улаан чөтгөрүүд” хүснэгтийн хоёрдугаар байрт дэвшиж аваргын төлөөх өрсөлдөөнд байх ёстой баг гэдгээ харуулаад амжлаа. Харин хувь тоглогчийн хувьд Португаль хагас хамгаалагч Бруно Фернандеш тоглолт бүрт гоолд оролцож, өөрийгөө батлан харуулсаар байна. Тэрээр 2020 оныг нийт 29 тоглолтод оролцож 18 гоол оруулан, 14 гоолын дамжуулалт өгсөн гэсэн сүрдэм амжилттайгаар үдлээ.
Улирлыг тааруу эхлүүлж олон сөрөг үзүүлэлтийн бай болоод байсан Арсенал сэргэлт авч Челси, Брайтон клубүүдийг дараалан хожлоо. Энэ тойргийн өрсөлдөгч Брайтон нь Арсеналд сүүлийн таван тоглолтдоо хожигдоогүй байсан юм. Өнөөдрийн тоглолтод Артета цагаа олж сэлгээ хийсний хүчинд Александер Лаказетте хожлын гоолыг багтаа авчирлаа.
Вэст Бром өнгөрсөн тойрогт Ливерпүүлийн талбайд 1:1-ээр тэнцсэнийхээ хэргийг гаргаж чадсангүй. Унах бүсэд яваа Вэст Бром клубийг удирдаж, Арсеналтай эн тэнцүү өрсөлдөнө гэж хэлээд амжсан Сэм Аллардайс талбайдаа Лийдс Юнайтед клубт 0:5-аар хожигдлоо.