Нийгэм

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11,635 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн байна

Нийтэлсэн

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай болон Баянзүрх дүүрэгт нэмэлтээр гаргасан нийт 25 шинжилгээний төв, тандалт, хариу арга хэмжээний 36 баг ажиллаж 11,635 хүнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээ хийлээ.

Эдгээр шинжилгээний төв болон тандалт, хариу арга хэмжээний багуудад нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 428 хүн ажилласан байна.

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах шинжилгээг 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулж буй бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 357,426 хүнд шинжилгээ хийгээд байна.

Улсын онцгой комиссоос 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 30-ны өдрийг дуустал Баянзүрх дүүргийн 70.000-80.000 иргэнийг ПГУ /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна.

Мөн тус дүүрэгт нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан тандалт, хариу арга хэмжээ авах явуулын баг ажиллаж, шаардлагатай зарим газарт очиж шинжилгээ авч байгаа юм.

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус өргөтгөсөн шинжилгээнд Баянзүрх дүүргийн 10,530 хүнийг хамруулсан бөгөөд нийтдээ 71,950 хүн хамрагдаад байна.

Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилгоор зохион байгуулж буй өргөтгөсөн шинжилгээнд хамрагдаж амжаагүй иргэд ойролцоох шинжилгээний цэгүүдэд очих боломжтой бөгөөд халдварт цар тахлын эсрэг дор бүртээ хариуцлагатай хандан, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө хамтдаа сэргийлэхийг уриалж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Шинжилгээний хариуг 11:00 цагаас ЭМЯ-наас мэдээлэх юм

Exit mobile version