CRI Монгол радио

B.1.1.7 хувилбар гэж юу вэ?

Нийтэлсэн

Өнгөрсөн оны сүүлчээр КОВИД-19 гэх вирус хүн төрөлхтөн биднийг айлгаж сандруулж өнөөг хүрч байна. Өдөр болгон олон хүний алтан амь эрстэж, нийгэм, эдийн засгийн хөгжил зогсонги байдалд ороод, халдварын байдал хүндхэн газруудад цагийн зүү зогссон мэд л болоод байна гэхэд дэндэхгүй л байх. Тэгвэл сүүлийн үед энэхүү вируст мутаци үүсэж, B.1.1.7 хэмээх шинэ хувилбар гарсан тухай мэдээ ар араасаа цацагдав. Эхлээд Их Британид, дараа нь Япон, БНСУ, Герман, Энэтхэг гээд л мутаци үүссэн вирусийн халдварын тохиолдол нэмэгдсээр. Бид чухам хэзээ энэ муу вирусээс салдаг юм бэ? Энэ вирус чухам ямар аймаар “зальтай” юм бэ? гэхчлэн хүмүүсийн гангинасан, гунганасан дуу тасрахгүй нь. Энэ бүхэнд хариулт өгөх, мөн хүн төрөлхтнийг энэхүү гайгаас салгахын тулд дэлхийн улс улс орнууд, олон улсын байгууллагын эрдэмтэн судлаачид цөхрөлгүй, завгүй зүтгэсээр. Тэгвэл одоогоор бид мутаци үүссэн шинэ хуулбарын талаар хир мэдээлэлтэй болсон бэ?

Нэгд. B.1.1.7 нь шинэ хэлбэрийн супер вирус мөн үү?

Биш. Тэр бол зөвхөн КОВИД-19 вирус дэлхийн хэмжээнд тархах явцад үүссэн олон хуулбарын нэг. В.1.1.7 хувилбарын вирусийн геномыг ажиглахад тэрээр нэгэнт 17 хэсэгтээ олон тооны мутацид орсныг судлаачид илрүүлсэн тухай “Science” буюу “Шинжлэх ухаан” сэтгүүлд дурджээ.

Судалгааны дагуу, КОВИД вирусийн генд сар тутам 1-2 удаа мутаци үүсэж байна. Тиймээс одоогоор аваад буй геномыг хамгийн эрт авсан генмтой харьцуулахад наанадаж 20 хэсэгт нь мутаци үүсжээ. Харин B.1.1.7 хувилбарын хувьд нэг л дор олон тооны мутаци үүссэн болохоор тархах хурд нь эрс нэмэгдсэн гэж байгаа.

Хоёр. Энэхүү хувилбар нь бүр илүү халдварлах уу?

ВВС-ийн мэдээлснээр, B.1.1.7 хувилбарын вирусийг өнгөрсөн 9-р сард анх илрүүлсэн бөгөөд 11-р сар гэхэд Лондон дахь халдварын тохиолдлын дөрөвний нэг орчим хувь нь уг хувилбартай холбоотой бол 12-р сарын дундуур бүр ч гуравны хоёр хувийн тохиолдол энэхүү хувилбарын халдвар авсан юм байна.

Түүнчлэн энэ хувилбарын халдварлах түвшин нь бусад хувилбараас 50-аас 70 хувиар илүү байна гэж Лондонгийн Эзэн хааны коллежийн халдварт өвчин судлаач Нейл Фергюсон тооцоолсон бол хүүхдүүд халдвар авах эрсдэл харьцангуй бага байдаг боловч B.1.1.7 хувилбар нь хүүхдүүдийг насанд хүрэгчидтэй адил эмзэг болгож болзошгүй гэж Лондонгийн Империал Коллежийн вирус судлаач Вэнди Барклэй үзжээ.

Мөн мутаци үүссэн вирусийн халдварт чанар нь заавал нэмэгдэнэ гэж баттай хэлж чадахгүй. Зарим вирус нь мутаци үүсэх тусмаа халдварын чанар нь буурдаг ч тохиолдол байдаг. Тийм болохоор “Бидний мэдэж байгаагаар нийгмийн харилцааны зайг барих, маск зүүх, гараа байнга угаах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь мутаци үүссэн вирусийн эсрэг үр дүнтэй арга хэвээр байна” гэж Сент-Эндрюсийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн халдварт өвчин судлаач Мигель Шевик твиттертээ бичсэн байна.

Одоогоор гаргаж аваад байгаа вакцин мутаци үүссэн вируст хүчинтэй байх уу?

Мутаци үүссэн вирус нь вакцины үйлдвэрлэлд том нөлөө үзүүлэхгүй гэж олонх судлаачид үзсэн байна.

АНУ-ын вакцин судлалын шинжлэх ухааны зөвлөх Монсеф Слой хэлэхдээ, одоогийн шинэ хувилбарууд нь вакцины үр дүнд нөлөөлөх магадлал бага боловч тодорхой мөчид вирусийн тодорхой хувилбар нь вакциныг хүчингүй болгож болзошгүй гэжээ. Тэрбээр, энэ нөхцөл байдал үүсэх магадлал маш бага ч бид сонор сэрэмжээ дээшлүүлэх нь буруутахгүй юм гэжээ.

Гэхдээ вирус судлаач Кристиан Андерсонгийн үзэж буйгаар, В.1.1.7 хувилбар нь дархлалын хомстолтой хүмүүсийн дархлааны системээс зайлсхийх хэмжээнд хувьсан өөрчлөгдөх юм бол вакцины хүчнийг буруулж магад. “Чухам юу болохыг бид хараахан мэдэхгүй байна, гэхдээ удахгүй бүхнийг тодорхой болгох болно” гэжээ.

Өвчин тахлаас сэргийлж эмчлэхэд дархлаа чухал, дархлаагаа хамгаалж дээшлүүлэхэд сэтгэл санаа хамгийн чухал болох нь маргашгүй үнэн. Ямар ч мутаци, ямар хувилбар үүссэн ч та бид сэтгэл санаагаа зөв тийш нь залж, шинжлэх ухаанд итгэж, эмч мэргэжилтнүүдийн саналыг ягштал мөрдөж байвал удахгүй энэ муу тахал хижгээс салах нь лавтай юм.

Exit mobile version