Дэлхий
Уханьд 500 мянган хүн коронавирусийн халдвартай байсан гэх судалгааны дүн гарчээ
Хятадын Ухань хотын хүн амын таван хувь нь Covid-19-ийн халдвар аваад эдгэрсэн байх магадлалтай гэх судалгааны үр дүнг тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргажээ.
11 сая хүн амтай Ухань хотод нийт 50’354 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт хүн амын 5 хувь буюу 500 мянга гаруй хүн вирусийн халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байна. Учир нь өвчний шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг уг бүртгэлд оруулаагүй юм.
Дээрх судалгааг хийхдээ Зөвхөн Уханьд төдийгүй Бээжин, Шанхай болон Хятадын бусад дөрвөн мужийн 34 мянган хүнээс шинжилгээ авчээ. Судалгааны үр дүнд Ухаань хотын оршин суугчдын биед эсрэг биет үүссэн байдал 4,43 хувьтай, бусад мужид 0,44 хувьтай байв.
Ташрамд дурдахад, ирэх сард олон улсын эрдэмтэд Ухань хотод очиж коронавирусийн гарал үүслийг судлах юм.
Эх сурвалж: ВВС