Нийгэм

Сү.Батболд: Зөвшөөрөлгүй “маяк”-тангууд 00-08 УНҮ нь Скайтрейдинг  компанид бүртгэлтэй байна. Тус компани нь “Алтай холдинг” ХХК-ийн хамаарал бүхий компани байна. 

Нийтэлсэн

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магдлалтай нэгэн…

Хувийн компани болон иргэний нэр дээр бүртгэлтэй автомашинуудад тусгай дуут болон гэрлэн дохио (маяк) тавьсан зөрчлийг цувралаар хүргэж байна. Тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ, ЗГ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээд энэ тусгай дуут дохиог автомашиндаа тавьж замын хөдөлгөөнд оролцож байна.

Тухайлбал, 00-08 УНҮ улсын дугаартай, хар өнгийн, Лексус-570  маркийн автомашин  тусгай дуут болон гэрлэн дохиог тавьж байршуулан, замын хөдөлгөөнд оролцож байна.. Тэгвэл тухайн автомашины эзэмшигчийг тодруулбал, Скайтрейдинг  компанид бүртгэлтэй байна. Тус компани нь “Алтай холдинг” ХХК-ийн хамаарал бүхий компани байна.

Тодруулбал, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хамаарал бүхий компанийн автомашин тусгай дуут болон гэрлэн дохиотой байна. Эрх мэдэл бүхий хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд давуу эрх эдэлж буйн бас нэгэн жишээ энэхүү “Тусгай дуут дохио”-той автомашин болж байна.

 

Энэ мэт хувийн эзэмшлийн компанийн болон иргэний нэр дээр бүртгэлтэй автомашинууддаа тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлүүдийг бид цувралаар хүргэж байна. 

Тусгай дуут болон гэрлэн дохиог тавьж байршуулах зөвшөөрлийг ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс олгож, мөн зөрчилд хяналт тавин ажиллах чиг үүрэгтэй. Тэгвэл тус төвийн хяналтад дээрх автомашин ордог уу? 

Тусгай дуут болон гэрлэн дохиог ямар чиглэлийн, зориулалтын тээврийн хэрэгсэлд тавьж байршуулдгийг заасан журмыг нэмэлт мэдээлэл болгон хүргэж байна.

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохиог тавьж хэрэглэх журмыг манай улс хуульчилсан. Тухайлбал,

  1. төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон албан тушаалтан, иргэн, болон гадаадын өндөр дээд хэмжээний зочдын аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэлд-хөх
  2. цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн  аюулгүй байдлыг хангах шуурхай албаны тээврийн хэрэгсэлд – хөх-улаан
  3. шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ялтан хуяглан хүргэх, тусгай ажиллагааны чиглэлээр ажиллах тээврийн хэрэгсэлд -улаан
  4. шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлд- улаан
  5. онцгой байдлын албаны гал түймэр, аврах ажиллагааны тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлд- улаан
  6. гадаадын иргэн, харьяатын газрын хяналт шалгалтын  тээврийн хэрэгсэлд- улаан
  7. хилийн цэрэг, зэвсэгт хүчний тэсэрч дэлбэрэх бодис хайж илрүүлэх, түүнийг аюулгүй болгох тусгай бүлэг, цэргийн хээрийн сургалт, дадлагад үүрэг гүйцэтгэхэд цэргийн цувааны хамгаалалт болон цэргийн цагдаагийн бүлгийн тээврийн хэрэгсэлд- улаан
  8. шүүх, прокурор, авлигатай тэмцэх, тагнуулын байгууллагын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, хойшлуулшгүй ажиллагаанд ашиглах шуурхай ажлын тусгайлан тоноглогдсон тээврийн хэрэгсэлд-улаан
  9. гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн байгууллагын хүүхдийн тусламжийн үйлчилгээний төвийн хүүхдийн аюулгүй байдлыг хангах шуурхай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгсэлд-улаан
  10. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл.
  11. хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлд – ногоон
  12. цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон гэрээт харуул хамгаалалт, байгаль орчин, даатгалын шуурхай алба, хот тохижилт, тусгай зориулалтын чирэгч ачигч, техникийн хяналт, замын арчлалт, засвар үйлчилгээ, мэргэжлийн хяналт, гааль, татварын тусгайлан тоноглосон тээврийн хэрэгсэлд–шар өнгийн дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэнэ гэж хуульчилсан.
Exit mobile version