CRI Монгол радио

ХТРТ-ийн захирлын 2021 оны мэндчилгээ

Нийтэлсэн

https://a3.cri.cn/M00/00/48/rBABDV_uzi2ASfyrAHnusS1u2ik854.mp3?_=1

ХТРТ-ийн захирлын сонсогч, сүлжээ ашиглагчдад дэвшүүлсэн 2021 оны мэндчилгээ

2021 оны 1-р сарын 1-нд, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн Хятадын олон улсын радио болон интернетээр дамжуулан гадаадын сонсогч, сүлжээ ашиглагчдад шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

Найз нөхөд өө:

Хүсэн хүлээсэн 2021 он хаяанд хүрч ирлээ. 2021 он бол дорнын цаг тооллоор үхэр жил юм. Үхэр бол хүн төрөлхтний хамгийн эрт гэршүүлсэн амьтдын нэг бөгөөд тариалах соёлд өнөөдрийг хүртэл чухал нөлөөтэй хэвээр байна. Хятадын үндэстнүүд үхрийг хүч чадлын илэрхийлэл болгодог. Миний бие Бээжин хотоос та бүхэнд шинэ оны мэнд хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

Өнгөрөн одсон 2020 он маш ер бусын жил байлаа. Энэ онд дэлхий нийтээрээ маш олон бэрхшээл, сорилтыг даван туулсан юм. Ковид-19 цар тахал дэлхий даяар дэлгэрсэн байна. Ши Жиньпин даргын удирдалага дор Хятад улс даяар асар их хүчин чармайлт гаргаж, халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах ажилд чухал амжилт гаргасан. Хятад улс ч дэлхийд цорын ганц эдийн засгийн эерэг өсөлттэй эдийн засгийн цогц болоод юм.

Ковид-19 цар тахал нь дэлхийн олон оронд даамжирсаар байна. Бид та нартай сэтгэл нэгтэй байгаа бөгөөд дэлхий нийтээрээ амар амгалан, эрүүл энх байхыг хүсэж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд бодит үнэнийг мэдээлж, олон нийтэд хүргэх нь бидний үүрэг хариуцлага юм. Цар тахлын эхэн үед манай ажлын 2000 гаруй сэтгүүлч халдвартай тэмцэх өмнө фронтод шуурхай ажиллаж, өвчтөний эмчилгээний өрөөнөөс холбогдон, “Халдварын эсрэг хамтдаа” баримтат киног олон хэлээр цацаж, Хятад улс тахлын эсрэг тэмцэж буй бодит байдлыг цаг тухайд нь дэлхий нийтэд үнэн бодитойгоор мэдээлсэн юм.

Бид мөн “Цар тахлын эсрэг эмчилгээний тасаг”-ыг санаачилж, улс орнуудын эмчилгээний ажилтнуудыг урьж оролцуулан, Хятадын эмчилгээний мэргэжилтэд халдвартай тэмцсэн туршлагаасаа хуваалцав. Бид анагаах ухааны “Лансет” сэтгүүлийн ерөнхий редактор Хортон, Кембриджийн их сургуулийн Коронавирусийн шинэ мутац илэрсэн тухай тайланг анх нийтэлсэн Фостер нараас ярилцлага авч, халдвартай холбогдох янз бүрийн цуу яриаг баримт, шинжлэх ухаанд суурилан няцаасан билээ.

Өнгөрөн одсон 2020 он хүмүүс бие биендээ тусалсан жил байлаа. 900 жилийн тэртээ Умард Сүн гүрний гүн ухаантан Жан Зай: “Хүнд хүчир цаг үед хүмүүс улам эр зоргио хөвчилж, хичээн зүтгэж сайн сайхан амьдрлаа цогцоолон бүтээж байдаг” хэмээн хэлсэн байдаг. Жирийн хүн ийм байхад, улс орон ч гэсэн адилхан юм. Бэрхшээл, хүнд хэцүү нөхцөлд харилцан сэтгэлийн дэм өгч, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц гэдгийг бид жинхэнэ утгаар нь ойлгож, хүн төрөлхтөн халдварт тахал зэрэг сорилтын өмнө харилцан туслалцаж, хамтдаа урагшилбал сая амжилтад хүрч чадна гэдгийг бид нэн гүнзгий ойлгосон юм.

Цар тахал биднийг нүүр тулан уулзах боломжгүй болгосон ч бидний сэтгэл зүрхийг улам ойртууллаа. Бүтэн жилийн хугацаанд миний бие Бүх Оросын радио телевизийн өргөн нэвтрүүлгийн компани, “Российская газета” сонин, BBC, CNN, Ассошиэтэд пресс, Ройтерс, Франс-прэсс агентлаг, Японы NHK, Италийн радио телевиз, Европын өргөн нэвтрүүлгийн холбоо зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын ажил нэгтнүүд, дэлхийн улс орнуудаас БНХАУ-д суугаа элчин сайд нартай харилцан 300 гаруй захидал цахилгаан илгээж, мэндчилгээ дэвшүүлэн, хариуцлагатай байхыг санаачилж, нийтлэг ойлголтоо гүнзгийрүүлэв. Манай радио телевиз Европ, Латин Америкийн бүс нутгийн улс орнуудын 100 гаруй хэвлэлийн байгууллагатай “цахим форум” зохиож, хамтран ажиллах, халдварыг хамтдаа даван туулах тухай ярилцаж, олон хэвлэлүүдтэй хамтын ажиллагааны механизм байгуулж, “Түүхийн ул мөр”, “Хятадын эрдэнэсийн сан” зэрэг нэвтрүүлэгийг хамтран үйлдэж, үзэгч олныхоо мэлмийг баясгаж, сонорыг мялаасан юм.

Халдварт тахалтай адилхан ядуурал нь ч нийгмийн архаг өвчин болоод байна. Ши Жиньпин даргын хэлсэнчлэн, ядуурлыг арилгах нь эртнээс аваад хүн төрөлхтний мөрөөдөл, улс орнуудын ард түмний аз жаргалт амьдралыг хөөцөлдөх үндсэн үүрэг байсаар ирсэн юм. Өнгөрсөн жилд Хятад улс ядуурлаас бүхийлдээ ангижрав. 8 жилийн уйгагүй хүчин чармайлтаар 100 сая иргэн ядуурлаас ангижирч, Хятад улс хүн төрөлхтний ядуурлыг бууруулах түүхэн гайхамшгийг бүтээв.

Том чухал түүхэн үйл хэргийг тэмдэглэн үлдээгчийн хувьд бид Хятад, Америкийн хамтран бүтээсэн “Хятад улсын ядуурлыг бууруулсан түүх” баримтад киног олон хэлээр үйлдэж, “Дэлхийн үйл ажиллагааны санаачилга 2020-Ядуурлыг бууруулах” тусгай нэвтрүүлэг зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэв. Бид Хятадын нэг нэг тосгон, нэг нэг өрх айлын ядуурлаас ангижирсан түүхийг өгүүлэхээр дамжин ядуурлаас ангижрахыг зорьж буй улс орон, иргэдэд туршлагаа хуваалцахыг хүсэж байна.

Хэвлэл мэдээллийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэхийн зэрэгцээ бид дэлхийн жишигт нийцсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болохоор чармайж, интернет орчин дахь бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулахыг зорьж байна. Бид “5G+4K/8K+AI” технологийг ашиглан, “Чан-Э 5” аппарат сарнаас дээж авах, “Фэньдөүже” шумбагч 10 мянган метрийн гүнд шумбасан зэрэг шинжлэх ухааны томоохон ажиллагааг шууд дамжуулсан байна. Хятадын олон улсын импортын 3-р экспогийн хугацаанд, бид “Онлайнаар худалдан авалт хийх” гэсэн шууд нэвтрүүлэг хийж, Европын олон бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нэвтрүүлж, интернетээр худалдан авах боломжийг бүрдүүлсэн байна.

Үнэн бодитоор мэдээлэх нь хэвлэл мэдээллийн амин сүнс байх ёстой гэдэгт би хэзээд эргэлздэггүй. Найдвартай мэдээ, нэр төртэй мэдээлэл нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн хариуцлага, чанарыг илэрхийлдэг. Харамсалтай нь зарим хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл Хятад улстай холбоотой мэдээллийг цацахдаа ялгаварлан гадуурхахаар шударга ёсыг орлуулж, цуур яриагаар үнэн зүйлийг гажуудуулж байна. Халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авахаас эхлээд Хонконг, Шиньжяны асуудлыг мэдээлэхдээ буруу ташаа мэдээлэл цацаж, цаашлаад худлаа мэдээлэл цацаж байна. Бид цаг тухайд нь хариу барьж, үнэнийг мэдээлсэн. Үзэл бодол өөр өөр ч үнэн бодит байдал ганц л байдаг. Шинэ онд, дэлхийн хэвлэл мэдээллийн салбарынхан цуу яриаг улам багасгах үүрэгтэй байна.

Зөв шударга хүмүүс найз олонтой гэж Европын цэц үг байдаг. Шинэ нэг жилдээ манай байгууллага олон улсын гол болох хэвлэл мэдээллийн үүргээ гүйцэтгэн, бодит, шударга байр суурийг баримтлан, дэлхий нийтэд үнэн бодит, шударга ёсны дуу хоолой болж, олон ургалч соёл иргэншлийн гайхамшгийг түгээх болно.

2021 онд ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Зуун жилийн тэртээ 13 хүн ХКН-ыг байгуулсан бол өнөөдөр 90 сая гаруй намын гишүүнтэй болж, Хятад улсыг амжилттай удирдан, энх тайван хөгжил дэвшилд хүрээд байна. ХКН-ын амжилтын нууц нь юу вэ? 1.4 тэрбум Хятадууд яагаад 100 жил болсон намаа ийн хүрээлдэг вэ? Эдгээр бол бидний энэ онд мэдээлэх гол сэдэв болно. Бид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, Хятад болон дэлхий ертөнцийг цогц, бодитой мэдээлж, илүү чанартай нэвтрүүлгээ та бүхэндээ хүргэх болно.

Шинэ оны нар илч гэрлээ түгээж эхэллээ. Үхэр жил та бүхэнд аз ивээх болтугай. Та бүхэнд аз жаргал хүсье.

Н.Пүрэвжав

Exit mobile version