Нийгэм
Шинжилгээний цэгт буюу НИЙТИЙН ДУНД 3-4 халдвар бүртгэгджээ
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11152 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнд коронавирус илэрчээ.
Эдгээрийн долоо нь Франкфурт – Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн хүмүүс аж. Тэдний гурав дахь давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна. Энэ долоон хүний нэг нь Жаргалантад тусгаарлагдаж байсан бол тав нь “Амар” зочид буудалд тусгаарлалтад байсан хүмүүс бөгөөд тэдний хамт “Амар” зочид буудалд ажиллаж байсан эмнэлгийн ажилтан буюу резидент эмч халдвар авчээ.
Дотоодод нийт 15 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрийн 3-4 нь шинжилгээний цэгүүдэд хийж буй шинжилгээгээр илэрсэн ба гэр бүлээрээ халдварт өртсөн 3-4 хүн байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэг нууц үеийнхээ хугацаанд буюу гурав дахь шинжилгээнд зөөвөрлөгдсөн халдвар илэрсэн гэсэн үг, “Амар” зочид буудлын тухайд. Халдвар тархах эрсдэлээс сэргийлж нүүлгэн шилжүүлэлт хийж, үйлчилгээний ажилчдыг өөрчлөн, сэрэмжлэх арга хэмжээ авсан. Франкфуртаас ирсэн хүмүүсийг нэмээд нийт зөөвөрлөгдсөн тохиолдол ингээд 406 болж байна.
Дотоодод шинээр өнөөдөр 15 халдвар нэмэгдлээ. Үүний 4 нь “Мөнххада” компанид үүсээд байгаа голомтод шинээр нэмэгдлээ. Урд өдөр нь энэ голомтод хоёр тохиолдол бүртгэгдсэнээр нийт зургаан тохиолдол “Мөнххада” компаниас илрээд байна. Халдварын эх уурхайг тандан судалж байна. Сэжиглэсэн хавьтал өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон байх эрсдэл байгаа. Тус компанийн 35 хүнийг ойрын хавьтал гэж үзэн, тусгаарласан. Мөн 92 хүнийг гадуур гэрийн хяналтад байлгаж, шинжилгээ хийгээд байна. Дөрвөн хүнээс бусад хүмүүст анхны шинжилгээгээр халдвар илрээгүй.
Мөн “Төв шуудан” компанийн Гаалийн тасагт ажилладаг 2 хүн халдварт өртсөн. Нэг хүнийх нь гэр бүлийн хүн өвчилсөн байсан учир эх уурхайг нь тэндээс эхтэй гэж үзэж байна. Тухайн шуудангийн ажилчид болох 70 хүнийг хяналтад авч, бусад 10 гаруй хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан байна.
Бусад тохиолдлын тухайд өмнөх батлагдсан тохиолдлуудтай хавьтал болсон буюу Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомттой хамааралтай 4 тохиолдол байна. Мөн өргөн хүрээний цэгүүдэд хийж байгаа шинжилгээгээр гэр бүлээрээ халдварт өртсөн 3-4 тохиолдол бүртгэгдэж орж ирлээ. ХӨСҮТ-ийн гэр бүлтэй холбоотой батлагдсан тохиолдол мөн гарсан байна.
Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 755 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 18 хүн эдгэрч, гэртээ гарсан байна” гэж мэдээллээ.
Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодод гарсан нийт батлагдсан тохиолдол 1242 боллоо. Эдгээрийн 855 хүн буюу 68,8 хувь нь эдгэрч, эмнэлгээс гарчээ.