Дэлхий

Өвлийн өвөө ирснээс хойш Бельгийн ахмадын асрамжийн газар 27 хүн нас баржээ

Нийтэлсэн

Бельгийн Антверпен мужийн Мол хотод оршдог ахмадын асрамжийн газар коронавирусийн халдвараар нас барагсдын тоо 27-д хүрээд байна. Тус асрамжийн газар арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Гэгээн Николайн өдрийг тэмдэглэсэн бөгөөд  уламжлалт Гэгээн Николайн хувцастай ирж бэлэг тараасан нэгэн сайн дурын ажилтныг халдварын эх үүсвэр болсон байж болзошгүй хэмээн орон нутгийн засаг захиргаа үзэж байгаа юм. Учир нь тэрбээр асрамжийн газар очсоны дараа шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан байна.

Сайн дурын ажилтан тэнд байх хугацаандаа амны хаалт, бээлийгээ огт тайлаагүй гэж тус байгууллагын мэдэгдэлд дурджээ. Харин баярын бэлгийг байгууллагын ажилчид өрөөнүүдээр тараасан байна.

Түүнчлэн сайн дурын ажилтан тус асрамжийн газар хэд хэдэн удаа ирж очсон бөгөөд ингэхдээ өөрөө тэндээс халдвар авсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Одоогоор 80 гаруй ахмад настан, 40 гаруй ажилтнаас коронавирус илрээд байна.

Amnesty International хүний эрхийн байгууллагаас Бельгийн засгийн газрыг коронавирусийн халдварын эхний давлагаа эхлэх үед ахмад настнуудын асрамжийн газруудад тусламжийг хангалтгүй үзүүлсэн хэмээн шүүмжилж байжээ. Мөн Бельгид коронавирусийн халдвараар нас барагсдын ихэнх нь 80-аас дээш насны хүмүүс байгаа аж.

Өнгөрсөн намар халдварын тархалт эрчимтэй нэмэгдсэний дараа тус улс чанга дэглэм тогтоосноор нөхцөл байдлыг дээрдүүлж чаджээ. Одоогоор тус улсад хоногт дунджаар 2,3 мянган хүнээс коронавирус илрүүлж байна. Өнгөрсөн аравдугаар сард хоногт илрэх халдварын тохиолдол 20 мянгыг давж байсан юм.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version