Дэлхий

Израйль улс хүн амынхаа 12 хувийг вакцинжуулсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна

Нийтэлсэн

Израйль улс хүн амынхаа 12 орчим хувийг буюу нэг сая гаруй хүнийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулж чадсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна.

Израйлийн дараа хүн амынхаа 3.49 хувийг хамруулсан Бахрейн, 1.47 хувийг хамруулсан Их Британи улсууд удаалжээ.

Вакцинжуулалтаа эхлүүлсэн орнуудаас хамгийн бага ахицтай нь Франц улс болсон байна. Тус улсад арванхоёрдугаар сарын 30-ны байдлаар ердөө 138 хүн вакцин хийлгэжээ.

АНУ-ын хувьд он дуусахад 20 сая хүнийг вакцинжуулах төлөвлөгөөтэй байсан ч 2.78 сая хүнийг хамруулсан үр дүнтэй байна.

Израйль улс арванхоёрдугаар сарын 19-ний өдөр үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлсэн юм.

Ингэхдээ 60-aас дээш насныхан, эмнэлгийн ажилтнууд, архаг өвчтэй хүмүүсийг нэн тэргүүнд хамруулж, өдөрт 150,000 хүн вакцинжуулах зорилт тавьжээ.

Тус улс Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакциныг худалдаж авсан юм. Уг вакцин нь Цельсийн -70 хэмийн температурт хадгалах горимтой. Израйлийн эрүүл мэндийн сайд Юли Эделстэйн уг вакциныг олон жижиг хэсэгт хуваан тээвэрлэх боломжтой болсныг YNet телевизэд ярьж байв.

Ингэснээр улсынхаа өнцөг булан бүрт хадгалалтын горимыг нь алдагдуулахгүйгээр хүргэх боломжтой болжээ.

Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху хоёрдугаар сарын эхээр улс орноо цар тахлаас салгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Одоогоор тус улсад гурав дахь удаагаа хөл хорионы хатуу дэглэм тогтоогоод байгаа юм.

Эх сурвалж: BBC

Exit mobile version