Нийгэм
Д.Наранзул: Эрүүл мэндийн 85 ажилтан коронавирусийн халдвараар өвчилсөн
Монгол Улсад зөөвөрлөгдсөн болон дотоодод гарсан коронавирусийн халдварын нийт тохиолдол 1,242 болсныг Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлсэн.
Үүний 85 нь эрүүл мэндийн ажилтан байна. Өөрөөр хэлбэл, нийт тохиолдлын 6.9 хувийг эрүүл мэндийн ажилтнуудын өвчлөл эзэлж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Д.Наранзул хэллээ.
Тэрбээр “Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага бол хамгийн өндөр эрсдэлтэй орчин. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг дээр батлагдсан тохиолдлуудыг хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд
ХӨСҮТ-д эрүүл мэндийн 19 ажилтан
Цэргийн төв эмнэлэгт 13,
Сэлэнгэ аймагт эрүүл мэндийн 19 ажилтан халдвар авч өвчилсөн.
Мөн Баянзүрх нэгдсэн эмнэлэгт халдварын томоохон дэгдэлт гарсантай холбоотойгоор тус эмнэлгийн эмч, эрүүл мэндийн ажилтнуудаас 27 хүн нь халдвар авсан байна.
Говьсүмбэр аймагт хоёр,
ХСҮТ-д гарсан голомттой холбоотойгоор эрүүл мэндийн таван ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.
Лабораторийн оношилгооноос харахад вирусийн халдварлалт маш өндөр байна. Сүүлийн үед хүнд, нэн хүнд эмнэлзүйн тохиолдол ихсэж байна. Хүндэвтэр, хүнд болон нэн хүнд өвчтөний асаргаа сувилгаа удаан хугацаанд үргэлжилдэг. Үүнтэй тулж ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд удаан хугацаанд хавьтал болдог тул өвчлөх тохиолдол их байгаа.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтнуудыг мэргэжлээр нь авч үзвэл:
их эмч 23,
сувилагч 33,
ариутгагч 7,
лаборант 7,
асрагч 11,
бусад мэргэжлийн 4 нийт 85 ажилтан өвчилсөн. Эхнээсээ эрүүл мэндийн ажилтнууд эдгэрэн, буцан ажилдаа орсон” гэлээ.