CRI Монгол радио
БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайд коронавиурсээс сэргийлэх асуудлаар ярилцлага өгөв
БНХАУ-аас Монгол улсад суугаа шинэ элчин сайд Цай Вэньрүй Хятад улсад коронавирустай тэмцэх буй асуудлаар 2-р сарын 3-нд Хятадын төв хэвлэлийн Монгол улсад суугаа сэтгүүлчид бичгээр сурвалжилга өглөө. Тэрээр: Халдварт өвчин гарснаас хойш Хятадын засгийн газар түргэн шуурхай арга хэмжээ авч, вирусийн их цар хэмжээгээр дэлгэрэх эх үүсвэрийг үр ашигтай таслан зогсоосон. Одоо байдал сайжрах тийшээ хандаж байна. Бид тус вирусийн дэлгэрэлтийг таслан зогсоож чадна гэдэгтээ итгэл дүүрэн байна гэжээ.
Элчин сайд Цай Вэньрүй: Шинэ төрлийн коронавирусийн халдвар гарснаас хойш Хятадын ард түмэн эв санаа нэгдэж, Ши Жиньпин төвтэй ХКН-ын төв хорооны удирдлага дор коронавирустэй эрс шуурхай тэмцэж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 1-р сарын 25-нд буюу билгийн тооллын цагаан сарын шинийн нэгэнд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны хурлыг даргалан хуралдуулж, коронавирусээс сэргийлж түүнийг тогтоон барих ажлыг бүх талаар хуваарилсан. 1-р сарын 27-нд ерөнхий сайд Ли Кэчян Үхань хотод очиж, коронавиурстай тэмцэх ажлыг газар дээр нь удирдсан юм. Өдгөө Хятадын 31 муж олон нийтийн эрүүл мэндийн онцгой байдлыг зохицуулах нэгдүгээр зэрэглэлийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Хэнань, Гирин зэрэг долоон мужийн эмчилгээний багийн 959 хүн Үханьд очиж авран эмчлэх ажилд оролцож байна. Эмчилгээний эд бараа ч Үханьд тасралтгүй орчиж, холбогдох вакциныг бүтээх ажил эхэлж, тусгаарлан эмчлэх шинэ эмнэлэг ашиглалтад орлоо. Мөн Хятадын засгийн газар амралт сунгах, олон нийтийн зам харилцаа, үйл ажиллагааг түр зогсоох зэрэг арга хэмжээ түргэн шуурхай авч, коронавирус их хэмжээгээр тарахыг үр ашигтай таслан зогсоосон. Одоо байдал сайжирч байна. Өнөөг хүртэл 623 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Үүнд 80 настай буурал ч бий. Энэ бүхэнд бид урамшин зоригжиж байна. Бид коронавиурсийг даван туулж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна гэжээ.
Тэрээр: Хятадын засгийн газар халдварт өвчнөөс сэргийлж, түүнийг тогтоон барих хамгийн бүрэн, хамгийн чанга арга хэмжээ авсан. Нэлээд олон арга хэмжээ нь олон улсын эрүүл мэндийн заалтын шаардлагаас ч давсан юм. Хятадын засгийн газар нээлттэй, ил тод, хариуцлагатай байр сууриар гадаад дотоодод өвчний тухай мэдээллийг цаг алдалгүй хүргэж, талуудын анхааралд идэвхтэй хариу өгч, өвчний вирусийг богино хугацаанд тодорхойлон, ДЭМБ болон бусад оронтой вирусийн генийн дарааллыг хуваалцсан юм. ДЭМБ болон маш олон орон үүнийг бүрэн нотолж, өндрөөр үнэллээ. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Гебрейсус, Хятад улсын вирусийг тодорхойлсон хурд шинэ рекорд тогтоож, мэдээллийг түргэн шуурхай, ил тод хуваалцан, цаг тухайд нь үр ашигтай арга хэмжээ авсны үр дүнд тус вирус бусад оронд тархахыг илэрхий багасгасан юм. Хятадын авсан арга хэмжээнүүд Хятадын ард түмнийг хамгаалсан төдийгүй, хүн төрөлхтнийг ч хамгаалсан юм. Хятад улс эрс шуурхай арга хэмжээ авсны үр дүнд тус вирус бусад оронд төдийлөн тархаагүй, коронавирусээр өвчилснөөр оношлогдсон хүний тоо зууны нэг хувийг эзэлж байна. Олон улс орны улс төрчид, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн зүтгэлтнүүд коронавирустэй тэмцэх талаар Хятадын авсан үр ашигтай арга хэмжээг магтан сайшааж, Хятадын талтай нягт хамтран ажиллаж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа давах туулахаа илэрхийллээ гэжээ.
Элчин сайд Цай Вэньрүй: Зовох цагт нөхрийн чанар танигдана, амьдрал хайр дээр тогтдог гэдэг. Халдварт өвчин дэлгэрснээс хойш Монгол улсын ерөнхий сайд Хүрэлсүх, Монгол улсын гадаад хэргийн сайд Цогтбаатар нар Хятадын ерөнхий сайд Ли Кэчян болон төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И-д цахилгаан илгээж, Монгол улсын засгийн газар хятадын талд 200 мянган ам долларын хандив өгч, Монгол улсын иргэд Хятадын талд туслахад бэлэн байгаагаа илэрхийлж хандив өгөхийг уриалсаар байна. Монгол улсын анд нөхдийн сайхан сэтгэлд бид маш их сэтгэл догдолж, чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ нь Монгол, Хятадын харилцаа сүүлийн үед өндөр түвшинд, эрчимтэй хөгжиж буйн, мөн хоёр орны ард түмний гүн зузаан найрамдлын илрэл юм. Хятад, Монгол хоёр орон хаяа нийлсэн, амь нэгтэй хөрш юм. Ийм хүнд цагт бид гар гараа барилцан, зовлон жаргалаа хамтатгаж, харилцан дэмжин туслалж, халдварт өвчнийг хамтдаа даван туулж, хоёр орны иргэдийн эрүүл мэндийг сайтар хамгаалахыг хүсэж байна гэж цохон тэмдэглэлээ.
Хятад, Монголын харилцааны тухай ярих үед элчин сайд хэлэхдээ: Өдгөө Хятад Монголын харилцаа түргэн хөгжлийн замд орж, олон салбарын солилцоо, хатмын ажиллагаа хөгжиж байна. Өнгөрсөн онд Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, хоёр тал олон төрлийн баялаг агуулгатай тэмдэглэх арга хэмжээнүүд зохиосон. Ялангуяа 2014 онд Ши Жиньпин дарга Монгол улсад түүхэн айлчлал хийж, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгон шат ахиулсан нь Хятад Монголын харилцааны хөгжлийг шинэ үе шатанд оруулсан юм. Хоёр орны удирдагчид харилцан бие биеийнхээ амин чухал ашиг сонирхол, анхаарлыг хүндэтгэнэ гэж санал нэгтэй илэрхийлсэн нь хоёр талын харилцааны хөгжилд улс төрийн бат бөх үндэс суурь тавьж өгсөн юм. Хоёр орны эдийн засаг, худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч байна. Хятад улс урт хугацааны турш Монгол улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр байсаар ирлээ. Өнгөрсөн онд хоёр талын худалдааны хэмжээ дахин шинэ шатанд гарч, 9 тэрбум шахам ам.долларт хүрч, 2020 онд 10 тэрбум ам.долларт хүрэх том зорилт руу урагшилж байна. Хятад улс чин үнэнч, хүртээмжтэй байх үзэл баримтлалаар буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр Монгол улсад туслан нийгэм, иргэдийн амьжиргаанд тусгай томоохон бүтээн байгуулалт хийсэн билээ. Улаанбаатарын цэвэршүүлэх байгууламж, Налайхын авто зам, замын цагдаагийн газрын дэргэдэх гүүр, гэр хорооллын шинэчлэл зэрэг төсөл Монгол улсын ард иргэдэд бодит ач тусаа өгсөн юм. хоёр талын хүмүүнлэгийн солилцоо ч тасралтгүй өргөжин тэлж байна. 2014 онд Ши Жинпин дарга Монгол улсад айлчлахдаа зарласан хүмүүнлэгийн солилцооны цуврал хөтөлбөрүүд үр шимээ өгч эхэллээ. Хоёр талын хүмүүсийн хэлхээ холбоо жилээс жилд өргөжиж, жилд давхацсан тоогоор 2 сая 100 мянган хүнд хүрч байна. Монгол улсын улам олон оюутан залуус Хятадад ирж суралцан, Хятадын шилдэг кинонууд Монголын дэлгэцнээ гарч, хоёр орны иргэдийн найрсаг сэтгэл улам зузаарч байна гэжээ.
Элчин сайд Цай Вэньрүй: Би Монгол улсад суух элчин сайдаар шинээр томилогдон ирэх үед Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойг амжилттай тэмдэглэж өнгөрөөсөн цаг үе байсан. Хоёр тал хоёр орны харилцааг бүх талаар эргэж дүгнэн, шинэ гараагаа нээсэн чухал үе таарсан. Хятад Монголын харилцаа эрчтэй хөгжиж, саруул уудам хэтийн төлөвтэй байна гэж үзэж байна. Би Монгол улстай харилцааны салбарт 20-иод жил ажиллаж байна. Монгол улсад таван удаа суурин сууж байсан. Хамгийн сүүлд би Замын үүдэд суугаа ерөнхий консулаар ажиллаж байсан. Монголд байх хугацаандаа би Монгол улсын олон аймгаар аялж, Монголын олон салбарын ахан дүүстэй сайн сайхан ажлын харилцаа, нөхөрлөл тогтоож, Хятад Монголын харилцааг хөгжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулсан юм.
Эдгээр жилүүдэд би Монгол улсын эдийн засаг, нийгмийн шинэ хөгжил, Хятад, Монголын харилцаа тасралтгүй шинэ шатанд гарч, хоёр ард түмний найрамдал улам гүнзгийрэхийг нүдээр үзэж, хоёр орны харилцааг хөгжүүлж, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээхэд зохих хувь нэмэр оруулсан. Хятад бол дэлхийн хамгийн түргэн өсөж буй зах зээл, мөн дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөгч хүч юм. Монгол улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, ашигт малтмалын баялаг ордтой, хөгжлийн асар их нөөцтэй юм. Хятад Монгол хоёр орон давуу талаараа харилцан нөхөж, чин үнэнчээр хамтран ажиллавал хоёр орны харилцаа улам сайн хөгжих болно гэжээ.
Эх сурвалж: CRI Монгол радио