Эдийн засаг

НДШ төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлнө

Нийтэлсэн

Covid-19 хүн амын дунд тарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, орлого буурснаар нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл үүсчээ.

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажил олгогч, даатгуулагчийг дэмжих зорилгоор 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж тайлагнасан. Гэвч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай” хуулийн төслийг боловсруулсан байна.

Уг хуулийн төслийг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталжээ. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа үнэн, зөв мэдүүлэн ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн дарамт нэмж учруулахгүй байх нөхцөл бүрдэх юм. Уг хуулийн үйлчлэлд 10000 орчим аж ахуйн нэгж, байгууллага 30 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо хийгджээ.

Exit mobile version