Covid-19

БЗД-ийн эмнэлгийн хоёрдогч хавьтлын тоо 2000 давжээ

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5807 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүний шинжилгээнд коронавирус илэрчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийн эмнэлэгт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдан, ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан 19 хүний 2-3 дахь давтан шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Мөн хоёр гэр бүлийн тандалтаас халдвар илэрчээ.

Шинээр 21 тохиолдол нэмэгдсэнээр Улаанбаатар хотын шинээр бүртгэгдэж байгаа кластер халдварын голомтод батлагдсан тохиолдол 450 боллоо. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй байна. Улаанбаатар хотын тухайд өмнө нь гарсан 4-5 том голомтыг хяналтад авсан гэж үзэн, хяналтын дараах 14 хоногийн ажиглалтад шилжүүлжээ.

Харин БЗД-ийн хувьд том голомт гарсан учир хавьтлыг хянах хугацаа дуусаагүй байна. Тухайн эмнэлэгт халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хавьтагч болсон 400-гаад хүнийг 14 хоногийн хяналтаас гаргаж, гэрийн ажиглалтад шилжүүлжээ. Одоо 900 гаруй ойрын хавьтлыг тусгаарлан, ажиглалт хяналтад аваад байна. Тус эмнэлэгт бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын хоёрдогч хавьтлын тоо 2000 гарсан талаар ЭМЯ-наас өнөөдөр мэдээллээ.

Мөн “Баянзүрхийн дэгдэлттэй холбоотой гэр бүлийн дам хавьтлууд үүсэж байгаа, мөн 1-2 хавьтлын эх уурхайг тодорхойгүй байгаа тул иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай өвчилсөн хүмүүс байхыг үгүйсгэхгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомт дахь халдвартай хүний тоо 776 хүрээд байна. Сүүлийн 24 цагт 14 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 1263 болж, үүний 869 тохиолдол нь эдгэрсэн байна. Өдгөө эмнэлгүүдэд 384 хүн эмчлүүлж байна.

Exit mobile version