Нийгэм
Алтанбулаг боомтод олон улсын тээврийн солилцоо эхэллээ
Улсын онцгой комиссын даргын тушаалаар ОХУ-ын Хиагт боомтод ирээд байгаа олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг хилийн Алтанбулаг боомт дээр солилцож, туршилтын татан авалт зохион байгуулах үүрэг бүхий Шуурхай бүлгийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулан байгуулсан билээ.
Алтанбулаг боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, гаднын тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлж чирэгч болон хагас чиргүүлийг сольж, туршилтын журмаар ачааг татан авах, хагас чиргүүлээ үлдээсэн гаднын жолооч нарыг хагас чиргүүл буцаж ирэх хүртэл хугацаанд ОХУ руу түр хугацаанд буцаан гаргах, дотоодод хийх монгол жолооч нарын тээвэрлэлтийг цагдаагийн хяналтад зорчуулж, тээвэрлэлт дууссаны дараа жолооч нарыг долоо хоногийн хугацаанд гэрт нь тусгаарлах арга хэмжээг авах зорилготой тус бүлэг Алтанбулаг боомтод ажлаа эхлүүллээ. Тус боомтоор өнөөдөр /2020.01.02/ олон улсын 23 тээврийн хэрэгсэл оруулж ирэхээр төлөвлөсөн бөгөөд эхний тээврийн хэрэгсэл орж ирлээ.
Төлөвлөсөн тээврийн хэрэгслүүд бүгд орж ирсний дараа ачаатай чиргүүлийг монгол тээвэрлэгч нар цагдаагийн хяналтад Улаанбаатар руу цуваагаар хүргэх юм. Дээрх 23 тээврийн хэрэгслээр эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөж байгаа юм. Олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг хилийн Алтанбулаг боомт дээр солилцож, туршилтын татан авалт хийх ажилд ХХЕГ, МХЕГ, ГЕГ зохион байгуулалттай шуурхай ажиллаж байна.
Эх сурвалж: Зам тээвэр, хөгжлийн яам