Дэлхий
Өөр дээрээ саналын тоо нэмэхийг шаардсан Дональд Трампын ярианы бичлэг ил болжээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн албан тушаалтныг утсаар дарамталж, өөр дээрээ саналын тоо нэмэхийг шаардаж буй ярианы бичлэгийг Вашингтон Пост сонин Ням гарагт ил болгожээ.
Дональд Трамп нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан ч өрсөлдөгчийнхөө ялалтыг хүлээн зөвшөөрөлгүй тэмцсээр байгаа юм.
Дэд ерөнхийлөгч асан Жо Байден энэ удаагийн сонгуульд 306:232 харьцаатай төлөөлөгчдийн санал авсан байна.
Жоржиа мужийн төрийн нарийн бичгийн дарга, нэг намын Брэд Раффенспергертэй нэг цаг орчим хугацаанд утсаар ярихдаа Трамп тус мужийн сонгуулийн үр дүнг өөрчлөхгүй бол түүнийг гэмт хэрэгтэн болно хэмээн сүрдүүлж байжээ.
“Жоржиа мужийн иргэд төдийгүй манай улсын иргэд уур бухимдалтай байна. Тиймээс саналын хуудсыг дахин тоолоход ямар ч буруу зүйл байхгүй. Надад яг 11,780 санал л хэрэгтэй байна” гэж ярьсан Трамп өөрийгөө Жоржиа мужид яасан ч ялагдах ёсгүй хэмээн ухуулсан байна.
Задарсан утасны бичлэгийн талаар Цагаан ордон ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Раффенспергерийн алба ч гэсэн энэ талаар тайлбар хийгээгүй байгаа юм.
Харин Жо Байдены ахлах зөвлөх Боб Бауер “энэ бол Америкийн ардчилалд халдаж буй Дональд Трампын гутамшигт түүхийн нэг хэсэг” гэж мэдэгджээ.
Жоржиа мужийн саналын тоог өөрчилсөн ч Дональд Трамп энэ удаагийн сонгуульд ялагдах нь тодорхой болоод байгаа. Энэ долоо хоногийн Лхагва гарагт АНУ-ын конгресс Жо Байдены ялалтыг албан ёсоор баталж, нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөх ёслол болох юм.
Трамп, Раффенспергер нарын яриа Бямба гарагт болсон байна. Вашингтон Пост сонин бичлэгийг дэлгэхийн өмнөхөн Трамп твиттер хуудсандаа Раффенспергертэй сонгуулийн луйврын талаар ярилцсан тухай мэдээлж байжээ.
Тэрбээр Раффенспергерийг сонгуулийн луйврыг илчлэхийг хүсээгүй хэмээн шүүмжилж байв.
Харин Раффенспергер хариуд нь “Хүндэт ерөнхийлөгч Трамп: Таны хэлж буй зүйл худлаа. Үнэн удахгүй ил болно” хэмээн бичиж байжээ.
Эх сурвалж: Reuters