Яам

Биоаюулгүйн III зэргийн лабораторийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгожээ

Нийтэлсэн

Шинэ коронавирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Монгол Улсын Мал эмнэлгийн биоаюулгүйн-III  зэрэглэлтэй цорын ганц уг лабораторийн хувьд болзошгүй аюулаас сэрэмжлэн, дотооддоо коронавирусийн оношлогоог хийх бэлэн байдалд байж, бэлтгэлээ бүрэн хангахыг үүрэг болгожээ.

Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори \УМЭАЦТЛ\-д Монгол Улсын Засгийн Газар ХХААХҮЯ, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын тусламж дэмжлэгээр  мал, амьтны гоц халдварт өвчнийг оношлох биоаюулгүйн-III зэргийн лаборатори 2008 онд анх байгуулж ашиглалтанд оруулж байжээ.

Биоаюлгүйн-III зэрэглэлийн лабораторид шүлхий, цэцэг, үхрийн цээж, мялзан, гахайн корона, гастроэнтр, үржил хам шинж, галзуу зэрэг 70 гаруй өвчнийг  молекул түвшинд оношлох, онош баталгаажуулах шинжилгээ гүйцэтгэдэг байна.

Жилд дунджаар тус лаборатори оношилгоо, тандалт, баталгаажуулалтын зорилгоор 600 гаруй хандалтаар 10,000-15,000 дээж хүлээн авч 18,000 гаруй сорил шинжилгээ хийдэг. Тус лабораторийг мал, амьтны гоц халдварт өвчний оношлогоо, шинжилгээ, судалгааны зориулалтаар ашиглах бүрэн боломжтой аж.

Тус лаборатори нь мал, амьтны гоц халдварт шүлхий, хонь, ямааны цэцэг, гахайн сонгомол мялзан, бог малын мялзан, гахайн африк мялзан зэрэг өмнө нь Монгол улсад бүртгэгдэж байсан буюу огт бүртгэгдэж байгаагүй гоц халдварт өвчний шинжилгээ хийж онош баталгаажуулж иржээ.

Монгол Улс Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага болон олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд улс орондоо тохиолдсон мал, амьтны гоц халдварт өвчний олон улсын лавлагаа лабораторид илгээж онош баталгаажуулан олон улсад мэдээлдэг зарчимтай.

Тухайлбал ДМАЭМБ-ын лавлагаа лаборатори болон бүс нутгийн лавлагаа лабораторид 2000-2019 онд нийтдээ мал, амьтны гоц халдварт 7 өвчний онош баталгаажуулахаар 75 удаа дээж илгээж онош баталгаажуулалт хийлгэсэн байна. 2008 оноос хойш онош баталгаажуулалт олон улсын лавлагаа лабораторийн дүнтэй байнга 100 тохирч байсан бөгөөд оношийн зөрүү гарч байгаагүй.

Хамгийн сүүлд 2016, 2018 онд Монгол улсад анх удаа бог малын мялзан, гахайн африк мялзанг оношилж, олон улсын лабораториор баталгаажсан аж.

 

Эх сурвалж: ХХААХҮЯам

Exit mobile version