Дэлхий

Саудын Араб, Катар улсууд гурван жилийн дараа харилцаагаа сэргээж, хилээ нээлээ

Нийтэлсэн

Сүүлийн гурван жилийн турш буюу 2017 оноос хойш үргэлжилсэн дипломат зөрчил, худалдааны хоригийн дараа Саудын Араб, АНЭУ тэргүүтэй Арабын орнууд Катартай харилцаагаа сэргээж байна.

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман Катарын Эмир Тамиму бен Хамаду Аль Таниг хүлээн авч, тэвэрч буй зураг ВВС-д нийтлэгдсэн бөгөөд энэ нь эвлэрлийн бэлгэ тэмдэг хэмээн олон улсын шинжээчид бичиж буй юм.

Мөн Саудын Араб, Катар улсууд дипломат маргаанаа намжааж агаарын болон хуурай газрын, усан хилээ нээхээр болсныг Кувейтын Гадаад хэргийн яамнаас даваа гарагт мэдэгджээ.

2017 оны зургаадугаар сард Саудын Араб, АНЭУ, Бахрейн, Египет улсууд Дохаг терроризмыг дэмжиж, тэдний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэж буруутган, Катар улстай дипломат харилцаагаа тасалснаа мэдэгдсэн юм. Үүний дараагаар эдийн засгийн хориг арга хэмжээ авч, агаарын орон зайгаа хааж байсан билээ.

Эдгээр дөрвөн улс Катарын эрх баригчдад хандан Ирантай тогтоосон харилцаагаа таслах, хэт даврагчдыг дэмжихээ болих, телевизийн Al Jazeera сувгийн үйл ажиллагааг зогсоох, Туркийн цэргийн баазыг хаах шаардлагуудыг тавьжээ. Харин катарчууд эдгээр шаардлагыг хүлээж аваагүй учраас дээрх дөрвөн улс Катартай тогтоосон бүх харилцаагаа таслав. Саудын Арабын эрх баригчид хуурай замын хилээ хаасан бол бүгдээрээ нийлээд Катарын агаарын тээврийн Qatar Airways компанийн нисэх онгоцууд нутаг дээгүүр нь дамжин өнгөрөх, иргэд нь Катарт очихыг хориглож байсан.

Саудын Араб, Катар улсуудын хооронд үүссэн маргааныг зохицуулахын тулд АНУ, Кувейт зуучлагч нь хийжээ.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version