Улс төр

Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн эцсийн шатны шүүх хурал нэгдүгээр сарын 8-нд товлогджээ

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар энэ сарын 8-ны өдөр буюу Баасан гарагт хэлэлцэхээр товложээ.

Н.Номтойбаярт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноосон байсан ба Давж заалдах шатны шүүхээс ялыг хэвээр үлдээгээд байсан юм.

Түүнийг ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн нэгж төслийн төсөв өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан зэргээр гэм буруутайд тооцсон байдаг.

Харин Ж.Эрдэнэбатад өнгөрсөн оны долоодугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан бөгөөд Давж заалдах шатны шүүхээс ялыг хэвээр үлдээсэн байв.

Түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.

Exit mobile version