Дэлхий
Оросоос газар нутаг “бэлэг” болгож аваагүйгээ Казахстаны ерөнхийлөгч мэдэгджээ
Өнгөрсөн сард Оросын хоёр хууль тогтоогч өнөөдрийн Казахстан улс нь их хэмжээний газар нутгийг Зөвлөлт Холбоот Улсыг задрахад бэлэг болгон авсан тухай ярьсан билээ.
Тэгвэл Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өчигдөр төрийн төв хэвлэлд нийтлүүлсэн өгүүлэлдээ үүнийг няцаасан байна.
“Энэ том газар нутгийг гадны ямар ч этгээд Казахуудад бэлэглээгүй юм” гэж бичсэн Токаев хоёр орны харилцааг муутгах зорилготой гадаадын иргэдийн аливаа өдөөн хатгалгатай хатуу тэмцэхээ илэрхийлжээ.
Гэхдээ тэр Оросын улс төрчдийн нэрсийг дурдаагүй байна.
Өнгөрсөн сард ОХУ-ын парламентын доод танхим буюу Төрийн Думын гишүүн Вячеслав Никонов, Евгений Федоров нар Казахстаны одоогийн газар нутгийг Оросоос өгсөн “бэлэг” хэмээн ярьж байжээ.
Үүнээс гадна 2014 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ 1991 онд ЗХУ задрахаас өмнө Казахууд тусгаар тогтносон улс байгаагүй хэмээн мэдэгдэж байв.
Думын гишүүдийн мэдэгдлийн дараа Казахстаны гадаад хэргийн яам “хоёр орны харилцаанд сэв суулгах гэсэн өдөөн хатгалга”-ыг эсэргүүцсэн мэдэгдэл гаргаж байжээ.
Казахстаны сөрөг хүчнийхний зарим нь Оросын улс төрчдийн мэдэгдлийг нэгдүгээр сарын 10-нд болох парламентын сонгуулиас өмнө эрх баригч Нур Отан намын дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилготой алхам гэж сэжиглэж байна.
Одоогоор Казахстан улсад ганцхан улс төрийн сөрөг хүчин албан ёсны бүртгэлтэй байдаг нь Үндэсний Социал Демократ Нам юм. Өөр сөрөг хүчний намуудыг нэмж бүртгэхээс Казахстаны эрх баригчид татгалзаж байгаа.
“Тусгаар тогтнол бол хамгийн үнэтэй зүйл” гэсэн гарчигтай нийтлэлдээ Токаев улс орон нь бүрэн бүтэн байдал, эв нэгдлээ хадгалахын тулд ардчилсан өөрчлөлтийг яаралгүй, алгуур хэрэгжүүлэх ёстойг бичжээ.
Токаев нь 2019 оны гуравдугаар сард анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг залгамжилж байв.
Гэхдээ Назарбаев улсынхаа үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж, эрх баригч Нур Отан намыг даргалж байна. Тэр бас үндэстний эцэг буюу элбаси хэмээн өргөмжлөгдөж, хязгааргүй эрх мэдэлтэй хэвээр байгаа юм.
Эх сурвалж: Radio Free Europe