Эдийн засаг

Орлого буурахад, зардлаа эргэн харах нь логикийн хувьд зөв үйлдэл шүү, Сангийн сайд аа!

Нийтэлсэн

Коронавируст халдварын тархалт нийслэлд нэмэгдсэн хэвээрээ байх юм бол хөл хорио хязгаарлалт ч хэвээрээ байна гэсэн байр суурийг Шадар сайд Я.Содбаатар илэрхийлсэн. Хөл хорио, хязгаарлалтын улмаас хувийн хэвшлийн  мянга мянган ажлын байр эрсдэлд  ороод байна. Ажилгүйдэл хэдийчинээ нэмэгдэнэ, ядуурал төдийчинээ өсдөг хамааралтай учраас цар тахлаас хамаарсан нөхцөл байдал нийгэм, эдийн засагт урт хугацааны шарх үлдээж болзошгүй байгаа юм.

Гол нь олон улсын түвшинд коронавирусний эрсдэл энэ оны гуравдугаар улирал  хүртэл өндөр хэвээрээ байна гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Манай тухайд вакцин орж иртэл хохирол бага үзэхийн тулд боломжит арга хэмжээгээ л авч байгаа гэж УОК тайлбарлаж буй.  Хэдийгээр нэгдүгээр улиралд багтан Монгол Улс вакцинтай золголоо ч  энэ нь хүн бүр хамрагдах боломж бүрдэнэ гэсэн үг биш.

ДЭМБ-ын Монгол дахь  суурин төлөөлөгч Сергей Диордица 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр хэлэхдээ “Ирэх оны 1 болон 2 дугаар улиралд Монгол Улсад Коронавирусний  эсрэг вакциныг оруулж ирэх боломжтой. Хэрэв вакцин оруулж ирсэн тохиолдол эрсдэлт бүлэг болох галын шугаманд ажиллаж байгаа ажилтан албан хаагчдаа вакцинжуулах шаардлагатай. 2021 оны төгсгөл гэхэд нийт хүн амын 20 хувийг вакцинжуулах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ вакцин орж ирсэн ч бид одоо хийж байгаа үйл ажиллагаагаа зогсооно гэсэн үг биш. Вакцинжуулалтын үеэр ч гэсэн Коронавирусний  халдвар хэвээр байх учраас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах шаардлагатай”  хэмээн мэдэгдсэн.

Тэгэхээр улс төрийн түвшинд өндөр хүлээлттэй байгаа вакцин ДЭМБ-ын шугамаар Монголд орж ирлээ ч энэ оны төгсгөл гэхэд нийт хүн амын 20 хувийг л хамруулах тооцоололтойг дахин сануулъя. Өөр бусад чиглэлээр вакцин авахаар хөөцөлдөж буй ч хугацааны хувьд тодорхой бус байна.

Үүнээс гадна коронавирусний мутацлагдаж буй байдал вакцины үр дүнд сөргөөр нөлөөлөх гэхчлэн биднээс үл хамаарсан асуудлууд олон байгаа.

Монгол Улс энэ 2021 онд цар тахлаас нийгмийн эрүүл мэндээ хамгаалахын сацуу нийгэм, эдийн засагт ирж буй цохилтуудыг багасгах бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Эдийн засагчдын зүгээс цаашид эдийн засагт нөөц, боломж, орон зай байхгүй учраас цар тахлын эсрэг халдвар хамгааллыг өндөр хэмжээнд сахиж, хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг үе шаттайгаар нээхийг сануулж байна.

Мөн коронавирусний халдварыг дотооддоо алдаагүй байх үед төслийг нь боловсруулан, шат шатны хэлэлцүүлгийг нь хийж, хуулийн хугацаанд нь багтахын тулд яаран баталсан 2021 оны төсөвт эхний улиралд багтан тодотгол хийх ёстойг хэлж буй юм.

Төсөв гэдэг бол улс орон тухайн жилд хэдэн төгрөг олж, хэдэн төгрөгийн зарлага гаргах вэ гэдгийг хуульчилсан баримт бичиг байдаг.

Манай тухайд он дамнасан хөл хорио цаашид ч үргэлжлэх бодит эрсдэл байгаа. Бизнесүүдээ хорьчихсон, гадаад зах зээл ч эрсдэлтэй  энэ үед төсвийн орлого өнгөрсөн жилийнхтэй адил буурах нь ойлгомжтой байна.

Тэгэхээр  тооцож, төлөвлөсөн орлогын бүрдэлт, эх үүсвэр асуудалтай байхад зарлагаа эргэн харах нь хамгийн эхэнд хийх ёстой, логикийн хувьд зөв үйлдэл гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эрхбиш хүлээн зөвшөөрөх болов уу.

2020 оны эхний хагасын тухайд Ч.Хүрэлбаатар сайд оны төгсгөл гэхэд алдагдлаа нөхчихнө гэсэн итгэл найдвартай байгаагаа илэрхийлж байсан. Хоёрдугаар хагаст тэрбээр нөхцөл байдал өөрийнх нь тооцсоноор өрнөхгүйг гадарласан биз ээ.

Тэгвэл энэ 2021 онд алдаагаа дахин давталгүйгээр үр ашиг багатай зардлаа эрэмбэлэх, эдийн засгаа илүү өдөөх чиглэлд орлогоо зарцуулах шаардлага бидэнд тулгараад байна.

2021 ОНЫ ТӨСӨВТ

  • Орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь
  • Зарлагын хэмжээг 13,951.6 тэрбум төгрөг буюу 30 хувиар тооцож тусгасан.

2021 оны төсвийг батлагдахын өмнө Сангийн дэд сайдаас  “Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа  тулгарч болзошгүй эрсдэлүүдийг  хэрхэн тусгаж, тооцсон бэ?” гэдгийг тодруулахад:

Аливаа төлөвлөлтөд 100 хувь бүх юмыг тооцох боломж байхгүй ч эрсдэлээ бүгдийг л тооцохыг чухалчилж,  ирэх оны төсвийг боловсруулсан. Хамгийн том эрсдэл нь “Ковид-19” байна. Хоёр дахь том эрсдэл нь манай эдийн засаг уул уурхайгаас нэлээн хараат байдаг учраас дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл ирэх оны төсвийн том эрсдэл. Гэхдээ бид дэлхийн эдийн засаг, дотоодын  нөхцөл байдалтай орлого, зарлагаа уялдуулж тооцож буй учраас тооцоо судалгаатай төсөв болсон гэж үзэж байна. Нөгөө талдаа дэлхийн улс орнуудад вакцины  хөгжүүлэлт  сайн хийгдэж байгаа учраас итгэл найдвар байна.” гэж байсан.

Сайд ингэж хэлсэн ч цар тахал дотоодод алдагдсан энэ үед эрсдэлүүд жинхэнэ утгаараа “амь орж” төсөвт хүнд байдал үүсчихлээ. Монгол Улс вакцины бодит үр дүнг үзэхэд цаг хугацаа шаардлагатай. Хүн амын 60-70 хувь вакцинд хамрагдсан үед эрсдэл буурна гэдгийг эрдэмтэд сануулж байгаа билээ.  Тэгэхээр энэ тохиолдолд Монгол Улс хэрхэн яаж эдийн засгаа  тодорхой хэмжээний идэвхжилтэй барих вэ гэдэг нь гол байна. Түүнчлэн төсвийн тодотголоор эдийн засгийг эрчимжүүлэхэд нөлөө бүхий зардлуудаа оны эхний хагаст хуваарилах гэхчлэн бодлогын арга хэмжээнүүд авах хэрэгтэй байна.

Exit mobile version