Улс төр
П.Нүрзэд: Одоогийн Ерөнхийлөгч АН-аас дахин нэр дэвших нь ойлгомжтой
Ардчилсан нам /АН/-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдтэй уулзаж тус намд өрнөөд буй асуудлаар ярилцлаа. Тэрбээр Бодь группийн байранд байрлаж буй АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга билээ.
-АН-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхт эргэлзээ төрж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хоёр талд толхилцож байгаа нь хэр зохимжтой вэ?
-АН-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Бид оны өмнө X дугаар Их хурлаа улс орон даяар зохион байгуулж, үндсэн дүрмээ өөрчиллөө. Одоо уг дүрмээ УДШ-д бүртгүүлэхээр хандаад байгаа. Одоогийн байдлаар дүрмийн өөрчлөлтөө баталгаажуулахыг хүлээгээд байна.
-АН-ын нэг хэсэг нь “Ардчиллын өргөө”-нд, нөгөө хэсэг нь “Бодь” группийн байранд байна. Аль нь жинхэнэ АН юм бэ?
-Өнгөрсөн 2017-2020 он хүртэл АН-ынхан “Ардчиллын өргөө”-нд байрлаж байгаад бүх шатны сонгуульд ялагдсан. Бид тодорхой хугацааны дараа уг байрнаас гарсан. Тэнд үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод, санхүүгийн асуудал үүсээд гарсан. Одоо бол “Төв шуудан”-гийн урд байдаг жижиг байр болон, “Бодь” цамхаг дахь энэ байранд үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Тамга тэмдэгтэй холбоотой асуудал гарсан нь үнэн. Гэхдээ тамга тэмдэгт гол асуудал нь байгаа юм биш. Ардын намын оролцоотой юм байна. Дээр нь АН-ын дарга өөрийн хүсэлтээр огцорч, тамга тэмдгээ өгсөн. Цагаан дээр хараар бичсэн дүрмийн дагуу явагдаж байгаа. Бид өөрсдийн үйл ажиллагаанд дүгнэлт хийх ёстой.
-“Бодь” цамхаг бол Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болдын эзэмшилд байдаг. Тэр утгаараа та бүхнийг Ерөнхийлөгчид хамаатуулж хардах хүн их байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Халаасанд гэхээс илүү бид зургаан сараар түрээс төлөөд үйл ажиллагаа явуулж байгаа. Нийслэл хотын А бүсэд дандаа МАН-ын гишүүдийн хөрөнгө оруулсан, хамаарал бүхий барилга байна. Тиймээс бидэнд санамсаргүй байдлаар “Бодь” цамхагт байрлах боломж олдсон. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. АН-аас сонгогдсон одоогийн Ерөнхийлөгч АН-аас дахин нэр дэвших нь ойлгомжтой учраас үүн дээр анхаарч ажиллах ёстой. Үүнийг ойлгомжгүй, гадны хүнтэй харьцаж байгаа мэтээр ойлгож болохгүй.
-Нам гэдэг бол үзэл санааны нэгдэл. Гэтэл АН-ыг хаяад гарсан, үзэл санаа таарахгүй байна гээд бүлэггүй болгож байсан хүнтэй хамаарал бүхий барилгад АН-ынхан байрлаж байгаа нь хэр зохимжтой вэ?
-Л.Болд гишүүн байхдаа намаасаа гарсан нь тухайн үеийн удирдлагатай холбоотой. АН-ын дарга бүлэг доторх гишүүдээ алдана гэдэг бол өөрийнх нь асуудал. АН гэхээс илүү хувь хүмүүсийн харилцаа байсан байх гэж бодож байна. Одоо бид өнгөрсөн цаг үетэй зууралдахыг хүсэхгүй байна.
-АН-ын аль тамга нь хүчинтэй юм бэ?
-АН хоёр хуваагдсан гэдэг асуудал бол байхгүй. С.Эрдэнэ дарга ялагдсан байхгүй юу. АН-ын дүрэмд ялагдал хүлээсэн дарга хариуцлага хүлээх заалттай. Нэгэнт ялагдсан бол дараагийн асуудалд оролцох ёсгүй. Гэтэл бидэнтэй зууралдаад байгаа нь ёс зүйн хувьд болохгүй. Хоёрдугаарт, улс төрийн намын бүртгэлийг Улсын дээд шүүх /УДШ/ хариуцдаг юм. Манай намын жирийн гишүүд хоёр хуваагдсан зүйл байхгүй. Эрх барьж буй МАН-ынхан оролцоод, тамга тэмдэгний асуудлыг гаргаж ирсэн. Сая болсон X дугаар Их хурлаар хэлэлцсэн дүрэм батлагдаад гараад ирэхээр олон асуултын хариулт болох байх гэж би найдаж байна.
-Дүрэм Их хурлаар хэлэлцээд гарсны дараа Ц.Туваан хулгайгаар нэг заалт оруулсан гэж нөгөө АН-ынхан ярьж байна. Тэр нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшсэн тохиолдолд өрсөлдөгчгүйгээр түүнийг дэвшүүлнэ гэх. Ийм заалтыг хулгайгаар оруулсан нь үнэн үү?
-УДШ-рүү явсан дүрмийн өөрчлөлт бол таны хэлснээс эсрэг байгаа. Ажлын хэсэгт бол олон санал ирсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй, 50 нас хүрсэн АН-ын гишүүнийг ҮБХ-оор хэлэлцэнэ. Энд хэдэн ч хүн өрсөлдөж болно. Нэр дэвшсэн гишүүдээс хоёр хүний нэрийг Их хуралд оруулна. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга бол өрсөлдөхгүй. Түүний нэрийг шууд Их хурал луу оруулна. Өөрөөр хэлбэл илүү олон хаалгыг нээж өгсөн заалт байгаа. С.Эрдэнэ дарга, Ц.Элбэгдорж гуайн яриад байгаа зүйл огт биш. Нэгдүгээрт дүрмийн өөрчлөлтийг унших хэрэгтэй. Хоёрдугаарт, бидэн рүү дайрах шалтгаан олдохгүй болохоор шалтаг гаргаж ирээд байгаа юм.
-Нөгөө АН-ынхан Ц.Туваан хулгайгаар заалт оруулсан гэж яриад байгаа. Тэгэхээр УДШ-рүү явуулах дүрмийн өөрчлөлтийн сүүлийн хувилбарыг та харсан уу?
-Сүүлийн хувилбарыг бид бэлтгээд явуулсан. Энэ дүрмийн өөрчлөлтийг хоёр хувь үйлдээд нэгийг нь Дээд шүүх рүү нөгөөг нь намын архивт авч үлдсэн. Удахгүй энэ бүхний хариулт тодорхой болно. Хуучин бол бие биенийгээ булан тойроод муридаг байсан бол одоо цаг үе өөр болсон. Залуучууд нь ч өөр болсон.
-“Ардчиллын өргөө”-нд байрлаж буй АН-ынхан Ц.Туваан та хоёрыг нам дахь албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Гэтэл та энд АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга гээд гарын үсэг зураад сууж байна. Аль нь бодитой юм бэ?
-УБЕГ бол улс төрийн намын тухай асуудлыг шийдэхгүй. Логик дараалалтай асуудлыг ойлгох хэрэгтэй. Бид албан тушаалын төлөө яваагүй, энэ намыг арай өөр өнгө төрхтэй болгох зорилготой байна. Би тэр хүмүүсийг янз бүрийн байдлаар хэлмээргүй байна. Улс төрийн намын асуудал бүгд УДШ-д харьяалагддаг. Энэ дагуу асуудал явж байгаа. Нэг хүн гарч ирээд дураараа дургидаг байх юм бол бид энд суух ямар хэрэг байна вэ.