Ерөнхийлөгч

Оффшорыг үзэн яддаг манай Ерөнхийлөгчийн оффшорт бүртгэлтэй “Женко Холдингс Пи-Ти-И”

Нийтэлсэн

Улс төрд, улстөрчдөд  имиж буюу шинж төрх, нэр хүнд чухал гэдэгтэй маргах хэрэггүй. Гол нь бүтээгээд буй имиждээ  хэлбэр, агуулга аль аль талаасаа нийцтэй байх нь чухал байдаг.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний үүрэгт ажлыг  хүлээн авсныхаа дараа чигч шударга удирдагчийн имиж бүрдүүлэхэд анхаарч, олон зүйл хэлж ярьсны нэг нь оффшор бүсэд нуусан хууль бус хөрөнгийг Монгол руу татаж авчрах 49 хоногийн хугацааг АТГ зэрэг хуулийн байгууллагад өгсөн явдал юм.

Дөрвөн оны өмнө шинэ Ерөнхийлөгч ийнхүү оффшор тийш анхаарахад, хил дамнуулан нуусан хууль бус хөрөнгийг Монголдоо одоо л нэг авчрах нь гэсэн хүлээлт нийгэмд үүсэж байв. Гэвч дөрвөн оны дараа эргээд харахад оффшороос оруулж ирсэн хөрөнгө мөнгөний тоо тодорхойгүй. Гол нь энэхүү санаачлагыг Монголын ард түмний өмнө гаргаж, харагдсан төрийн тэргүүний маань дуу хоолой  дөрвөн жилийн цаана үлджээ.

Тэгвэл энэ нь ч учиртай болох нь  Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн цуврал мэдээллүүдээс ойлгогдож байна. Учир юу гэвэл оффшорт  хөрөнгө нуусан нөхдийг үзэн ядаад байсан Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө оффшорт хөрөнгөө нуусан байж болзошгүй байна.

“Зууны мэдээ” сонины  2021 оны нэгдүгээр сарын 4-ний даваа гарагийн № 1 (6478) дугаарт гарсан мэдээллээс эшлэн хүргэе.

Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн охиноороо дамжуулан оффшорт бүртгэлтэй “Женко Холдингс Пи-Ти-И” буюу Jenco Holdings PTE компанийг 2020 оны арваннэгдүгээр сар хүртэл эзэмшиж байсан мэдээ саяхан Сингапур улсын албан ёсны бүртгэлийн байгууллагад байгаа нь ил болсон.

Мөн Х.Баттулгын ДXXXXXXX дугаартай дипломат  паспорт дээр нь үүнээс гадна хэд хэдэн компани байсан нь ил боллоо. Түүний дипломат паспорт дээр нь “Эм-Си-Би Холдингс Пи-Ти-И” буюу MCB Holdings PTE компани бүртгэлтэй байсан бөгөөд УИХ-ын гишүүн байхдаа тус компанийн хувьцаа эзэмшигч байсаар байжээ. “Money Come Back” буюу MCB Holdings гэх энэ оффшор компанийн нэр бас удахгүй өөр асуудалд холбогдон гарч ирнэ.

Мөн түүний дипломат паспорт дээр нь бүртгэлтэй “Финсланд” Пи-Ти-И буюу “Finisland” PTE компанийн хувьцаа эзэмшигч УИХ-ын гишүүн байхдаа байсаар л байж, “Биз-Интегрэйшн” Пи-Ти-И буюу “Biz International” PTE гэх компанийн хувьцаа эзэмшигчээр аль 2011 он гэхэд л байсаар л байжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа Сингапурт үүсгэн байгуулсан “Атом Индастриз Энтерпрайз” Пи-Ти-И буюу “Atom Industries Enterprise PTE” компанийн захирлаар 2007 оны зургадугаар сарын 13-ны өдөр хүртэл ажиллаж байжээ.  “Ассет Профешионал Сервисес” Пт-Ти-И буюу “Accet Professional Services” PTE компанийг бас үүсгэн байгуулсан байна” хэмээн бичжээ.

Энэ мэдээлэлд дурдсанаар бол Монгол Улсын төрийн тэргүүн Х.Баттулга өнөөдрөөс нэг сарын өмнө гэхэд  оффшорт бүртгэлтэй  “Женко Холдингс Пи-Ти-И” компанийг охиноороо дамжуулан, эзэмшиж байсан байх нь.

Монголын ард түмэнд өгөөж нь очих ёстой газрын баялгаар босгосон мөнгийг  нэр нөлөө бүхий цөөн бүлэглэлүүд хүч хавсран цөлмөж, хилийн чинадад аваачин, татваргүй бүсэд нуун дарагдуулсан тухай бид олон л жил ярьж байгаа. Гэтэл тэдгээр цөлмөгсдийн нэг нь төрийн тэргүүн нь өөрөө гэдэгт  Монголын ард түмэн итгэж ядан, харамсаж буй биз ээ.

Эрхэм уншигч авхай та санаж буй бол 2017 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “ОФФШОР БҮСЭД БАЙРШСАН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ  БОЛОМЖУУД” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болж байсан билээ.

Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан З.Энхболд хэлэлцүүлэгт оролцож буй хүмүүст Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнөөс талархал илэрхийлээд “Өнөөдөр өглөө салхигүй, утаа ихтэй байна. Утаа, оффшор хоёр ямар холбоотой юм бэ гэж та бүхэн гайхаж байж магадгүй. Холбоотойгоор барахгүй, номер нэг асуудал болоод байгаа. Бид өнөөдөр энд оффшорт нуугдсан Монголын баялгийн мөнгийг оруулж ирэх сургалт явуулахаар цугларсан. Манай төрийн байгууллагууд энэ ажлаа хийж чадахгүй байгаа учраас та бүхэнд хичээл заалгахаар энэ талаар ажилладаг, олон улсад нэртэй хүмүүсийг урьж авч ирсэн.

Монголын байгалийн баялгийг зарсныг тооцоод үзвэл Улаанбаатарын утааг хэд дахин бууруулахаар мөнгө байна. Хэдэн триллион төгрөг байна. Хэдэн зуун тэрбум ам.доллараар яригдах мөнгө байгаа. Харамсалтай нь энэ мөнгө Монголын эдийн засагт орж ирж эргэлдэхгүй, оффшор бүсэд байршаад байгаа учраас түүнийг олж ирэх үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн дараа сая миний нэрийг нь дурдсан энэ олон байгууллагад үүрэг болгосон. Тэд Ерөнхийлөгчид юу гэж хэлсэн бэ гэхээр манайд энэ талын мэдлэг, үүнийг оруулж ирэх чадвар байхгүй байна гэсэн.

Одоо тэгвэл гадаад орнууд оффшороос авах ёстой татвараа яаж авч байгаа, байрших ёстой газар нь мөнгөө байршуулж байгаа талаар сургалт явуулна. Үүний дараа ажлаа хийх хэрэгтэй. Янз бүрийн шалтаг тоочихгүй байх гэж бодож байна.” хэмээн хэлж байсан юм.

Тэгвэл манай Ерөнхийлөгч ийм л гоё үгсээр имиж, халхавч хийн өөрийнхөө оффшорыг нууж ирсэн үү гэдэг асуулт хариу нэхэж байна.

Exit mobile version