Covid-19
Д.Нарангэрэл: Тэг зогсолт хийх эсэхийг ЭМЯ дангаараа шийддэггүй. Одоогоор ийм санал гаргаагүй
ЭМЯ-ны хурлын үеэр цар тахлын нөхцөл байдал, тархалт, хариу арга хэмжээтэй холбоотой цаг үеийн асуудлаар сэтгүүлчид асуулт асуулаа.
Асуултад ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариуль өгөв.
– Халдварын голомтуудаа тогтоож чадсан уу. Сэлэнгэ аймгийн Амгалан гаалийн газарт халдвар илрээд олон хонож байна. Уг голомтыг тогтоож чадсан уу?
А.Амбасэлмаа: Уг халдвар авсан гаалийн ажилтан нь төмөр замд ажилладаг батлагдсан тохиолдлуудаас халдвар авсан байх магадлалтайг тухайн үед эх сурвалж хэлсэн. Амьсгалын зам, агаар дуслын замын үед халдварын голомтот бүс нутагт байвал халдвар авах эрсдэл өндөр байдаг.
Гаалийн ажилтантай холбоотой голомтод зохион байгуулсан үйл ажиллагаа дууссан. Тэр голомтод халдвар дахиж гарахгүй, хумигдсан.
– БЗД-ийн дам хавьтал болох хоёр хүнээс өчигдрийн шинжилгээгээр халдвар илэрснийг тайлбарлаж өгнө үү?
А.Амбасэлмаа: Дам хавьтал гэдэг үг өнөөдөр шинээр гараагүй. БЗД-ийн эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж, сахиж байсан хүн өвчлөөд, тэдгээрийн гэр бүлийн хүн, найз нөхөд, хамт олон, нэг орцны хүнээс халдвар илэрснийг БЗД-ээс улбаатай гинжин хэлхээн дотор байгаа өвчлөлийг хэлж байна.
– Тэг зогсолт хийх тухай мэдээлэл Засгийн газарт яригдаж байна гэх мэдээлэл байна. ЭМЯ-наас ямар саналыг Засгийн газарт өгсөн бэ?
– Д.Нарангэрэл: Тэг зогсолт хийх эсэхийг Эрүүл мэндийн яам дангаараа шийддэггүй. Цар тахал, Гамшгийн тухай хуулийн дагуу эрүүл мэндийн байгууллага, ЭМЯ, ОБЕГ, ХХААХҮЯ гэх мэтчилэн 17 байгууллагын төлөөлөл орсон хүмүүс эрсдэлийн үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээг үндэслэн ЭМЯ тодорхой саналаа Засгийн газарт хүргэдэг юм. Олон улсад үүрэг хүлээсний дагуу ерөнхий арга хэмжээг ХӨСҮТ хариуцаж, үнэлгээ дүгнэлтээ гаргадаг. Одоогоор ийм санал гаргаагүй байна.