Нийгэм
Хамгийн эхэнд халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилчдыг вакцинд хамруулахаар нарийн бүртгэл хийсэн
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-ХУД-ийн яаралтай тусламжийн төвийн сувилагч халдварын сэжигтэй тохиолдол болсон тул тус төв иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон гэх мэдээлэл байна. Үүнд хариулт өгөөч?
А.Амбасэлмаа: Энэ ташаа мэдээлэл байна. ХУД-ийн яаралтай тусламжийн төвд халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
-БГД-ийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын шинжилгээний хариу гарсан уу?
А.Амбасэлмаа: “Ачтан” эмнэлэгт халдвар гарахаас өмнө эмч нь БГД-ийн нэгдсэн эмнэлэгт очиж тусламж үйлчилгээ үзүүлсэн. Сэрэмжлүүлэх зорилгоор 7 хүнээс шинжилгээ авсан. Бүгд сөрөг хариу гарсан.
-Хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа хүмүүст витамин С уулгахаас өөр эмчилгээ хийхгүй байна гэх мэдээлэл байна. Ер нь ямар эмчилгээ хийж байгаа вэ?
А.Амбасэлмаа: Эмнэлгүүд бүгд нэг стандарт эмчилгээ хийж байгаа. Өвчтэй хүмүүст шинж тэмдгийн эмчилгээ хийхээс гадна вирусийн эсрэг эмчилгээ хийж байна. Шинж тэмдгийн хүндрэл тухайлбал, уушгины хатгаа болбол антибиотик эмчилгээ хийнэ. Хөнгөн, хүндэвтэр, хүндийн зэрэгт тохирсон стандарт эмчилгээ хийж байна.
-Вакцинжуулах ажлын хүрээнд ЭМЯ ямар төлөвлөгөөт ажлуудыг хийж байна вэ?
Д.Нарангэрэл: Эхний ээлжинт хүн амын 20 хувь, дараагийн ээлжинд 60 хувийг вакцинд хамруулахаар ажиллаж байгаа. Эхний ээлжийн 20 хувийг хамруулахдаа ДЭМБ-д бүртгэгдсэн вакциныг яаралтай горимоор Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлээд хэрэглэнэ. Бүртгэлийн журмыг гаргасан байгаа. Хамгийн эхэнд коронавирусийн голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилчдыг хамруулахаар нарийн бүртгэлийг хийсэн. Цаашлаад бусад чиглэлээр ажиллаж буй нийт 52 мянган эрүүл мэндийн ажилтныг хамруулна. Дараа нь хүчний байгууллагынхан болон архаг хууч өвчтэй иргэдээ вакцинд хамруулахаар ажиллаж байна.
Вакцины хүйтэн хэлхээний хувьд ДЭМБ-аас бүртгэсэн Рfizer вакцин нь -70 хэмд хадгалах ёстой. Тиймээс энэ хадгалалтын горимд тохирох хэдэн хөлдөөгч байгаа, түүнийг нь хэрхэн ашиглах талаар төлөвлөгөөг гаргаж байна. Бусад вакцины хувьд манай улсын хэрэглэж байгаа хүйтэн хэлхээнд зөөвөрлөж, хадгалах боломжтой.