Улс төр

Ц.Туваан төрийн эрхэнд халдах уу

Нийтэлсэн

МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга нь “МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Туваан гэгч  томилогдсон тухай” албан бичиг үйлдээд Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өгчээ гэж бодъё. Үүндээ Эрх баригч МАН-ын албан бланкийг ашиглаад, хүчингүй болсон хуурамч тамга дарчихаж. Улсын Дээд шүүх үүнийг нь хүлээж авах уу. Хэрэв хүлээж аваад бүртгэчихвэл МАН-ын дарга У.Хүрэлсүх гэдэг шууд огцрох уу. Цашилбал, намын дарга нь Ерөнхий сайд байх тус намын дүрмээр Туваан гэгч Ерөнхий сайд болох уу. Мэдээж үгүй. Энэ бол нэг намын дотоод дүрэм журмыг уландаа гишгээд зогсохгүй Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Улстөрийн намуудын тухай хуулийг зөрчинө. Цаашилбал, илт хуурамч, худал албан бичиг үйлдсэн этгээдүүд, түүнд дулдуйдан Төрийн цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулж буй шүүгч, нар эрүүгийн хариуцлага хүлээх учиртай. Тодорхой сануулбал, Төрийн цахим мэдээллийн санд хууль бусаар халдвал Эрүүгийн хуулийн 26.1.4.3 дах хэсэгт заагдсанаар 5-12 жил хоригдох ялаар шийтгүүлэх хүнд ялтай юм байна.

Яг л ийм ноцтой үйл явдал Ардчилсан намд өрнөж байна. Өнөөдөр төрийн цахим мэдээллийн санд байгаа албан ёсны бүртгэлээр бол 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ардчилсан намын 7 дугаар Их хурал хуралдаж,Ардчилсан намын даргаар С.Эрдэнэ сонгогдсоныг 03 дугаар тоот тогтоолоороо баталгаажуулжээ.

Энэхүү тогтоолын дагуу  Улсын Дээд шүүхэд хуралдаж, улмаар УДШ-ийн  2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 01 тоот тогтоолоор С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар бүртгэж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл оруулж баталгаажуулжээ. Яг энэ процессын дагуу АН дараагийн даргаа сонгож, Их хурлаа хуралдуулж, УДШ, Улсын бүртгэлд шинээр сонгогдсон даргаа бүртгүүлэх хүртэл С.Эрдэнэ гэдэг хүн намын дарга хэвээрээ гэсэн үг.

Энэ завсар ямар ч үүрэг гүйцэтгэгч, орлон тоглогч байх боломжгүй. Учир нь, Монгол Улсад мөрдөгдөж буй хууль журам нь тийм юм. Тэгэхээр өнөөдөр Туваан гэдэг хүн өөрийгөө намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж болно, тэр хүн хүсвэл өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, генералисмусс, Чингис хаан, бүр Өэлүн эхээр ч тунхаглаж болно. Гээд түүнийг нь хууль хүлээн зөвшөөрөхгүй. Монголчууд бид өдгөө хоёрын зэрэг Чингис хааныг залгамжлагч, бас бус хатан эхүүдтэй болчихоод байгаагаас үзэхүл Тувааны үйлдэл байдаг л нэг ердийн үзэгдэл мэт. Харамсалтай нь, Тувааны үйлдэл жирийн нэг хийрхэлээс хэтэрч Ардчилсан намын Үндсэн дүрэмд огт байхгүй “Үүрэг гүйцэтгэгч” хэмээх албан тушаалд өөрийгөө томилж, улмаар үүнийгээ ямар нэгэн аргаар Төрийн цахим мэдээллийн санд бүртгүүлсэн байгаа нь эрүүгийн гэмт хэрэг юм. Хамгийн ноцтой нь, Улсын Дээд шүүхийн цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулсан хүн нь “Салхитийн мөнгөний ордын хэрэг” гэгч дуулиант хэрэгт холбогдсон хүн. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн өндөр албан тушаалтанд эл асуудлаараа барьцаалагдсан байх магадлалтай гэх хардлага байна. Өнөөдөр шүүгч нарыг томилдог, халдаг сольдог эрх Монгол Улсын Ерөнхийлөгчид л бий. Тэр энэ хууль бус байдлыг өөгшүүлэгч үү, таслан зогсоогч уу гэдгийг цаг хугацаа харуулах биз. Ямартай ч Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр өөрийгөө томилсон дарга Ц.Туваан гэгчийн энэхүү үйлдэл Ардчилсан намын дүрэм журам төдийгүй Монгол Улсын хуулийг ноцтой зөрчсөн асуудал болоод байна. Хэрэв энэ хэрэг явдал МАН-д тохиолдсон бол төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэгт ч тооцогдож болохоор байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Exit mobile version