Улс төр

Хуульч Р.Булгамаа: Шүүхийн шинэчлэлд нухацтай хандах хэрэгтэй

Нийтэлсэн

-УИХ-аас олонхи нь томилогдох Сахилгын хороогоор дамжуулан улс төрийн хараа хяналтыг шүүх эрх мэдэлд үүсгэж болохгүй-

УИХ дээр Шүүхийн хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаатай холбоотой хуульчийн байр суурийг хүргэхээр хуульчдад хандлаа. Эхний зочноор хуульч, өмгөөлөгч Р.Булгамааг урьж ярилцлаа.


-Шүүхийн хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Хууль батлагдсанаар шүүх засаглал нөлөөллөөс ангид болох уу?

Шүүхийн шинэтгэл гэх асуудал 2002 онд Шүүхийн тухай хуулийг процессын хуулиудтай нь хамт баталж, хэрэгжүүлж байсан. Дараа нь 2012 онд  Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг багц хууль батлан 2013 оноос хэрэгжүүлэхдээ мөн л шүүхийн шинэтгэл гэж  байсан. Одоо хэлэлцэгдэж байгаа хуулийн хувьд ард иргэд төдийгүй хуулийн салбарынхан бодитой шинэчлэлийг хүсэн хүлээж байна. Шүүхийн шинэчлэл Монгол Улсын Үндсэн хуульд бүрэн нийцэж, шүүгч хараат бус болон хариуцлагатай байх эрх зүйн орчин улам боловсронгуй болно гэсэн нийгмийн хүлээлт байна. Бодитой биш зарим нэг зохицуулалт хуулийн төсөлд орж ирж байгаа талаар тус салбарын зарим мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлж байгаа нь анхаарал татаж байгаа.

-Энэ талаар тодруулах уу?

-2015 оны 5 дугаар сарын 29-нд батлагдсан Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль тогтоомжийг санаачлан боловсруулахдаа олон нийтийн оролцоог хангах, эрх зүйн дүгнэлт хийх, өргөн мэдүүлэх, олон нийтэд сурталчлах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг маш тодорхой зохицуулсан байдаг.

Хуулийг санаачлан боловсруулахдаа  ил тод, нээлттэй байх, олон нийтийн оролцоог хангах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх зарчмыг баримтлах учиртай. Гэтэл бодит байдал дээр зарим нэг хуулийн боловсруулалт нээлттэй биш ажлын хэсэг нэрийн дор баахан өөрчлөлт хийгээд, олон нийтэд тодорхой мэдээлэл өгөхгүй байсаар байгаад хууль батлуулдаг жишиг тогтчих гээд  байгаа нь нуух зүйл биш.

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлагдсан гэх заалтууд нь одоог хүртэл  маргаан дагуулж, эргэн өөрчлөгдөж, хэрхэн хэрэглэх асуудал нь Үндсэн Хуулийн Цэцийн маргаан болоод явж байгаа ч асуудал байна. Тодруулбал: Гэмт хэргийн “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны асуудал байна.

Хуульч мэргэжлийн биш УИХ-ын гишүүдийн хувьд олон зуун заалттай хууль батлагдагдах үед энэхүү хууль зүйн ойлголт, түүний үр дагавар, хэрхэн хэрэглэгддэг, түүний цаад онол, үзэл санааг мэдэх бараг боломжгүй.  Тэгэхээр бүх зүйл ажлын хэсгийн санал гэдгээр  явахаасаа илүүтэй салбарын боловсон хүчнүүдийн санал, иргэдийн санал дүгнэлтэнд илүү хүндэтгэлтэй хандах ёстой.

-Хуулийн төсөл батлагдсанаар шүүхийн шинэчлэл бодитой болж, шүүх хараат бус болно  гэсэн байр суурийг судлаачид, ТББ-ууд илэрхийлсээр байгаа.

-Шүүхийн шинэчлэлийн асуудал зөвхөн шүүх эрх мэдлийн байгууллага, эсвэл шүүгч нарт хамааралтай асуудал биш юм аа. Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлд “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан байдаг.

Энэ утгаараа шүүхийн шинэчлэлийн асуудал Монгол иргэн бүрт хамааралтай асуудал юм. Тиймээс шүүхийн шинэчлэл, шүүхийн тухай хуулийн төсөлд хүний эрхийг зөрчихгүй байх, хүндэтгэлтэй хандах агуулга бүрэн хангагдаж байх учиртай.

Хуулийн төслөөс харахад дэвшилттэй сайн зүйлс нэлээдгүй байгаа ч анхаарал татсан зохицуулалтууд ч харагдаж байна. Хуульчдын хувьд УИХ-ын албан ёсны сайт дээр байгаа хуулийн төслийн хүрээнд л мэдээлэл авч дүн шинжилгээ хийгээд сууж байна. Зарим нэг өөрчлөлтүүд, тэр ажлын хэсгийн санал нь олон нийтэд ил тод болохгүй байгаад байна. Хуулийн төслийн нарийн заалтууд нь ил биш байхад зарим ТББ хаанаас мэдээлэл аваад, батлагдаагүй, олон нийтэд ил болоогүй байгаа хуулиар постэр хийгээд яваад байгааг ойлгохгүй л байна.

Судлаач, иргэний нийгэм гэх нэрийн дор шүүхийн эрх зүйн байдлыг тогтоох ажиллагаанд хэт нэг талыг барьж оролцох нь сөрөг үр дагавар ихтэй.

-Шүүхийн тухай хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж байгаа биз дээ?

-УИХ-д бөөнөөр нь томилох эрх өгч байх шиг байна. Хуулийн төслийн нийтэд байгаа хувилбар, ажлын хэсгийн санал хоёр зөрүүтэй байгаа юм байна гэж ойлгосон. Төсөл нь тэр чигээрээ өөрчлөгдөж байгаа саналыг олон цагаар цаг тасралтгүй хэлэлцэж нэг амьсгаагаар баталсан гэдгээ хууль тогтоогчид бахархах зүйл биш дээ. Дайн байлдааны цаг л биш бол яагаад яаран сандран батлах гээд байгаа нь улам сэжиг төрүүлж байна. Хуулийн хулгай явчих вий дээ.

УИХ-ын чуулган дээр зарим гишүүд тухайлбал УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ хууль бол захиалгат хууль байна мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан  Шүүхийн тухай хуульд илүү хамаарал бүхий, амьдрал дээр хуулийг хэрэгжүүлж байгаа  шүүгч нарын үгийг илүү сонсох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж  байна билээ. Ажлын хэсэгт шүүгчдийн төлөөлөл орсон гэх боловч тэр 5 шүүгч 500 гаруй шүүгчийг бүрэн төлөөлөх үү гээд л эргэлзээтэй асуудал ард нь байна.

-Шүүхийн хараат бус байх зарчим суурь хуулиар хир зохицуулагдсан байдаг вэ.

-Үндсэн хуулийн 49-р зүйлд Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй талаар маш тодорхой зохицуулсан.

Шүүхийн тухай хуулийн хүрээнд энэ зохицуулалт илүү дэлгэрэнгүй хуульчлагдан зохицуулагдах учиртай.

-Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны тухай асуудлыг тойрсон яриа хэлэлцүүлэг их өрнөөд байх шиг байна.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны эрх зүйн үндсийг зохицуулж өгсөн.

Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлэх чиг үүрэгтэй.  Хуучин хуулиар  ШЕЗ-н гишүүдийг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хуульчдын холбоо, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус тус нэг хүнийг санал болгосноор Ерөнхийлөгч томилдог байсан.

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилохоор болсон.

Шүүхийн тухай хуулийн төсөлд нээлттэй нэр дэвшүүлэх 5 гишүүнийг УИХ-аас нээлттэй сонгон шалгаруулалт нэрийдлээр томилдог байх зохицуулалт явж байна.

Энэ зохицуулалттай холбоотой дараах  байр суурийг илэрхийлмээр байна.

1-рт ШЕЗ-ийн гишүүдийг бүрдүүлэхдээ хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллага, шүүгч хуульчдын төлөөллийг оролцуулж хангадаг байсан зарчмаасаа татгалзаж байгаа нь хууль зүйн ухралт юм.

2-рт УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Гэтэл тус байгууллага хуулийн засаглалаараа дамжуулан төрийн эрх бүхий албан тушаалтан, ШЕЗ, Сахилгын хороо зэрэг бүтцийн гишүүдийг томилох томилгоонд оролцох чиг үүрэгтэй болж байгаа нь маш буруу жишиг, чиг хандлага юм.

2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж улмаар хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага  болох “Хуульчдын холбоо” гэх байгууллага байгууллагдаад хуульчид бид татвараа төлөөд явж байгаа.

Хуульчдын мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий хуульчийг ШЕЗ, Сахилгын хороонд төлөөлөлд оруулах хууль зүйн боломжийг хязгаарлаж  хууль тогтоох байгууллага ийм хууль зүйн зохицуулалт хийж байгаа нь нэг талаасаа хуулийн дээрэм л гэх байх даа.

Эцсийн дүндээ ийнхүү УИХ-аас ШЕЗ, Сахилгын хорооны томилгоонд оролцох  нь шүүх эрх мэдэл улс төрөөс хараат байх замнал мөрийг бий болгож байгаа алхам шүү. Улс төрийн сонгуульд олонхи болсон аль нэг улс төрийн хүчин Нээлттэй хэлэлцүүлэг нэртэй драм зохион байгуулж өөрсдийн гар хөл бүхий хүнийг томилж шүүх засаглалд нөлөөлж оролцох гарц болчих вий дээ. Хуулийн төслөөс харахад сахилгын хорооны 5 гишүүний шалгуур нь эрх зүйч мэргэжлээр 10 жил ажилласан байх шалгуур тавьсан нь утгагүй асуудал шүү…

Бид шүүх засаглалыг аль болох улс төрөөс ангид хол байлгаж мэргэжлийн удирдлага чиг баримжаатай, хяналтын тогтолцоо нь хөндлөнгийн чиг хандлагатай байж гэмээн шудрага ёсны зарчим хангагдаж, шудрага ёс тогтоно оо.

Сахилгын хорооны асуудал мөн адил анхаарал татсан асуудал байна. Үндсэн хуулийн 49.6-д хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно гэж заасан. Энэ зохицуулалтыг дэлгэрүүлж шүүхийн тухай хуулийн төсөлд зааснаар Сахилгын хорооны 9 гишүүний 4-г шүүгчдээс, 5-г мөн л нээлттэй сонгон шалгаруулалт нэрээр сонгох нээ.

-Шүүхийн тухай хуулийг баталж Сахилгын хороо байгуулснаар энэ асуудал шийдэгдчихнэ гэж судлаач нар яриад байгаа харагдана?

-Ер нь бол одоо байгаа Сахилгын хороо ажиллаж чадахгүй байна гэж зарим судлаачид үзсэн байна лээ. Өмнө нь ёс зүй, сахилга гэсэн хоёр өөр зөрчлийн төрлийг хольж яриад байсан.  Мөн мэргэжлийн алдааг ёс зүйн эсхүл сахилгын гээд хольж яриад байдаг. Шүүхийн Ёс зүйн хороо ажиллаж байсан. Тэр хүмүүс Ерөнхийлөгчөөс томилогдсон болохоороо хараат байсан гэж байгаа бол ийм байр суурийг илэрхийлж байгаа зарим хүн тус хороонд байсан нь харагдахын. Их олон тодорхой бус асуудал байна. Энд нэг зүйлийг дурьдахад Хуулинд яг юуг нь мэргэжлийн ил тод алдаа гэж байгаа юм бэ гэдгийг  маш тодорхой тусгаж өгөхгүй бол асуудал дагуулсан зүйл болох вий дээ.

Шүүхийн тухай хуулийн төсөлд шүүгчийн сахилгын зөрчилд тооцохоор 40 үндэслэлийг тусгасан. Эдгээр үндэслэлүүдээс анхаарч эргэн харах шаардлагатай заалтууд байгаа. Тодруулбал:

  • хуулийн илт, тодорхой, маргаангүй заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах;
  • шүүхийн шийдвэрт зайлшгүй шаардлагатай үндэслэлийг огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон;
  • сахилгын хэрэг шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах;

Дээр дурьдсан заалтуудын эхний хоёр үндэслэл нь шүүгчийг сахилгын зөрчилд тооцох гэхээс илүү мэргэжил ур чадвартай холбоотой асуудал учир давж заалдах болон хяналтын шатны шүүхээрээ хянагдаж зөвтгөгдөж байх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл шүүгчийн мэргэжлийн алдаануудыг сахилгын зөрчилд хамааруулж энэ нь эргээд шүүх засаглалын хараат бус байдалд нөлөөлөх үндэслэл бүрдэх вий. Шүүгчийн мэргэжлийн алдааг дээд шатны шүүх бус Шүүхийн Сахилгын хороо шийдвэрлэх нь буруу гэж үзэж байна.

Сахилгын хэрэг шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан тохиолдолд дахин сахилгын хэрэг үүсгэхээр заалтыг тусгасан нь  бодит байдал дээр хор уршиг ихтэй асуудал болно  гэж харж байна. Тодруулбал:

Шүүхийн тухай хуулийн төсөлд шүүгч сахилгын хорооны дуудсанаар хүрэлцэн ирэх; үнэн зөв тайлбар өгөх; сахилгын хорооны шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх үүргүүдийг хүлээдэг. Хэрэв дээрх үүргээ биелүүлээгүй бол Сахилгын хэрэг шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна гэж үзэж сахилгын хэрэг дахин үүсгэхээр заасан байна.

Гэтэл сахилгын хороо шүүгчийн удаа дараа үндэслэлгүйгээр дуудах хэлбэрээр нөлөөлөх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хөндөх, нөгөө талаар өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэхийн хориглох заалттай зөрчилдөхөөр байгааг анхаарах л ёстой.

Мөн төсөлд шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн тохиолдолд, сахилгын хорооны гишүүн ажиллагаа явуулаад сахилгын зөрчлийг нотлох дүгнэлт эсхүл хэрэгсэхгүй болгох санал аль нэгийг гаргана. Энэ саналыг 3 гишүүний бүрэлдэхүүнээр хэлэлцэнэ. Гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг 5 гишүүний бүрэлдэхүүнээр хэлэлцэж тогтоол гаргана. Тогтоол эцсийн байна гэж тусгаад байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчиж байна гэж дүгнэж болохоор байгаа юм.

-Сахилгын хороо нь өөрөө хараат бус байдалд нөлөөлөх эрсдэлтэй гэсэн үг үү?

-Сахилгын хороо нь шүүгчдийг хэлмэгдүүлээд  эхэлбэл УИХ-ын гишүүд 3 жилийн дараа яваад өгнө. Шинэ гишүүд нь “би энэ хууль батлагдах үед байгаагүй, одоо өөрчилье” гээд сууж байна байх. Тэгээд дахиад л нэг хүний шударга болж  харагдах нэрийн дор шинэтгэл гээд, хуулиа дахин өөрчлөх вий дээ.

Хуулийн төсөлд Улсын дээд шүүхээр хянагдах хэргийн тоо харьцангуй багасаж байгаа талаар тайлбар явж байсан. Энэ талаар ямар байр суурьтай байна.

Шүүхийн тухай хуулийн төсөлд Улсын Дээд шүүх давж заалдах шүүхийн магадлалыг

  • анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах,
  • хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн,
  • хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тохиолдолд л хянахаар зохицуулсан.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхийн шийдвэрт давж заалдах иргэний эрхийг зөрчөөд зогсохгүй, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын Дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болох заалтыг зөрчихөөр байгаа юм.

-Хуулийн төсөлтэй холбоотой өөр санал байна уу.

-Шүүгчийн туслах нь хуульч байх шалгуурыг тавьсан нь шүүхийн шүүн таслах ажиллагаанд саад учруулахаар бодит байдалд нийцээгүй зохицуулалт болсон гэж харж байна. Судалгаагаар бодит байдал дээр нийт шүүгчийн туслахуудын 66 хувь нь хуульчийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй эрх зүйчид байгаа. Нөгөө талаар хуульчийн сонгон шалгаруулалтад орох шалгуурт эрх зүйч мэргэжлээрээ 2 жил ажилласан байх шалгуур байдаг гэдгийг сануулж хэлмээр байна. Нөгөөтэйгүүр хуулиар шүүхийн захиргааны ажилтнууд ажилдаа мэргэших гэж хэдэн сар ажлаад 2 жил болонгуут хуульчийн сонгон шалгаруулалтанд ороод  хуульчийн бусад ажилруу шилждэг байдлыг өөрчлөх бодлого зохицуулалт хэрэгтэй. Шуудхан хэлэхэд шүүхийн захиргааны байгууллагын хүний нөөцийн бодлогод анхаарч тогтвор суурьшилтай ажиллах, цаашид шүүгч болох тогтолцоо боломжийг нээж өгөх хэрэгтэй харагддаг.

Exit mobile version