Нийгэм

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ

Нийтэлсэн

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутаг 1 хүний амь нас хохирчээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 102 зөрчил илрүүлсний 48 нийслэлд, 54 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.

Нэгдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 459 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүний 357 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –2
  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2021.01.04-ний өдрийн 04 цагийн орчимд СХД-ийн 6 дугаар хороо Ханын материалын зам, Баянхошуу руу  салдаг уулзварт Toyota prius маркийн автомашины жолооч С нь замын хажуугийн шон мөргөж, жолооч 23 настай, эрэгтэй С-н амь нас хохирсон.
  • 2021.01.07-ны өдрийн 23.50 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сум 8-р баг /аймгийн төвөөс баруун урагш 1км/ асфальтан замд Toyota grand mark2 маркийн автомашины жолооч Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /драгер 1.75%/ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 41 настай, эмэгтэй Б-н амь насыг хохироосон.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой.

Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байна.

Иймд  замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, халтираа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Эх сурвалж: ТЦА

Exit mobile version