Нийгэм
“Хулгайн зам”-аар зорчигч тээвэрлэвэл автомашиныг хураах хүртэл арга хэмжээ авна
Хууль хяналтын байгууллагуудаас “Хулгайн зам” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Засгийн газрын шийдвэрээр хэсэгчилсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хотоос орох гарах хөдөлгөөнд тодорхой хэмжээнд хязгаар тогтоосон. Гэвч иргэд хулгайн буюу зөвшөөрөгдөөгүй шороон замаар хот хооронд зорчигч тээвэрлэсэн зөрчил удаа дараа гарсаар байгаа аж.
Арга хэмжээний хүрээнд зөвшөөрөгдөөгүй буюу хулгайн гэх тодотголтой авто замаар Өмнөговь аймаг руу хүн тээвэр хийсэн 13 тээврийн хэрэгсэл, тэдгээрийн жолооч болон 28 зорчигч, нийт 41 иргэнд 13 зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
Мөн Дархан-Уул аймаг руу хүн тээвэр хийсэн 12 тээврийн хэрэгсэл, тэдгээрийн жолооч болон 17 зорчигч, нийт 29 иргэнд 11 зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.
Батлагдаагүй замаар хязгаарлалтын дэглэм зөрчиж хот хооронд зорчвол хүлээлгэх хариуцлага нь хүнийг 500,000 төгрөгөөр торгох эсхүл 7-30 хоног баривчилна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы үед ийнхүү олон нийтийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах хэмжээний ноцтой зөрчил гаргаж буй энэ тохиолдолд зөрчил үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг нь Зөрчлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйл /Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах/-д зааснаар хураан авах хүртэл арга хэмжээ авахаар болж байгаа юм байна.