Улс төр

С.Бямбацогт: Шүүхийг хараат бус байлгахтай холбоотой заалтууд хуулийн төсөлд орсон

Нийтэлсэн

УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Засгийн газраас Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс Шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалж ажилласан юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хэрхэн асуулт асууж, байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэе.


Г.ДАМДИННЯМ:

-Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг сөрөг хүчин бас бусад бүлэглэлээс маш удаан улдан чангаалаа. Шударга шүүх ярьж байна. Хэн шударга бус болгочихсон юм бэ. Ажлын хэсгийн мэдээллээс харахад сүүлийн 12 жил нэг намаас сонгогдсон Ерөнхийлөгч нар шүүгчдийг томилж ирсэн. Нийт шүүгчдийн 75 хувь орчим нь энэ 12 жилд томилогдсон. Тэгэхээр хэнээс хариуцлага нэхэх нь ойлгомжтой юм биш үү. Шударга шүүхийн шийдвэр гаргах үндэс нь элдэв дарамт, нөлөөлөлгүй шүүгч юм. Сая шүүхийн тухай хуулийн процессын үеэр нэг том асуудал ордноор нэг яригдсан. Шүүгч нарыг томилогдохоос нь өмнө чөлөөлөгдөх өргөдлийг нь хугацаагүйгээр бичүүлж аваад томилдог. Тэгээд энүүгээр нь барьцаалж хүссэн шийдвэрээ гаргуулдаг. Хурал хийгээд сууж байхад нь чөлөөлөх шийдвэр нь гарчихсан байдаг гэх асуудал. Хэрэв энэ үнэн бол “Шударга бусын хонгил” нураагүй юм байна.

С.БЯМБАЦОГТ:

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн суурь зарчмын нэг нь эрх мэдлийн хуваарилалт, засаглалын тэнцвэртэй байдлыг бий болгох чиглэлд тодорхой өөрчлөлтүүд орсон. Энэ хүрээнд УИХ нь УИХ шиг байя гэсэн хүрээнд тодорхой хязгаарлалт болоод эрхүүд олгогдсон. УИХ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлнэ. Хууль тогтоох бүрэн эрхтэй мөн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Энэ үүрэг өнгөрсөн хугацаанд хангагдаагүй. Шүүгчийг шударга ажиллуулах шүүхийг хараат бус байлгахтай холбоотой заалтууд хуулийн төсөлд орсон. Шүүхэд нөлөөлөх элдэв эрхийг хязгаарлагдаж байгаа.

Б.ЭНХБАЯР:

-Шүүгчдийг томилохдоо чөлөөлөгдөх өргөдлийг нь бичүүлж авдаг, үгэнд нь орохгүй бол огноогүй өргөдлийг нь гарган ирж, огноо тавьж байгаад явуулчихдаг, өөрөө мэдээгүй байхад ажлаасаа чөлөөлөгдсөн байсан гэдэг ярианууд бий. Би хажууд нь байгаагүй учраас баталгаа, нотолгоотой дүгнэлт хийж чадахгүй байна л даа. Гэхдээ ийм яриа байгаа учраас, томилж байгаа этгээдээс шүүгчийг хараат бус байлгах үүднээс тодорхой заалтууд оруулж байгаа. Тухайлбал, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчид биш УДШ-ийн нийт шүүгчдэд гаргана. УДШ-ийн нийт шүүгч тэр өргөдлийг хэлэлцээд үндэслэлтэй гэж үзвэл Ерөнхийлөгчид уламжилна. Мөн УДШ-ийн ерөнхий шүүгч нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх болсон үндэслэлээ олон нийтэд урьдчилж заавал мэдээлнэ гэх заалтуудыг ажлын хэсгээс оруулсан. Энэ нь урьдчилж өргөдөл бичүүлж авдаг эрсдэлээс хамгаалсан хэрэг юм.

Д.ГАНБАТ:

Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал олон зүйлийг ил болгож байна.  МАН яаж ялзарсан, улс орон ямар байдалтай байгаа, эрүүл мэндийн тогтолцоо хэрхэн унасан, авлига албан тушаалын хэрэг яаж цэцэглэсэн бүгд ил боллоо. Монголын нийгэм тэсрэхэд бэлэн болсон дарьтай торх шиг байна. Гурван хүний нэг нь ядуу байсан бол одоо хоёр хүний нэг нь ядуу боллоо. Олон аж ахуй нэгжүүд хаалгаа барьсан. Ганц гэрэл гэгээтэй зүйл нь шүүх шударга болох нь гэсэн хүлээлт. Засгийн газраас орж ирсэн хуулийг үндсэндээ өөрчилсөн. Сайн хууль болсон эсэх нь цаг хугацаагаар харагдана. Энэ хуулийг баталчих л юм бол сайхан болно гэж байгаа ч шүүгчдийн хэрэглэдэг хуулиуд нь сайжирч чадаагүй. Эрүүгийн хуулийг самарчихсан. Эдгээр асуудлууддаа иргэдийг, шүүгчдийг, Ардчилсан намыг, бүлгийг буруутгадаг байж болохгүй.

Ж.ГАНБААТАР:

-Шүүгчид хөндлөнгийн нөлөөлөлд автахаас Шүүхийн ерөнхий зөвлөл хамгаалж ажиллана гэж ойлголоо. Ялангуяа улстөрчдөөс болон янз бүрийн бүлэглэлээс шүүгчийг яаж хамгаалах вэ. Тодорхой заалтуудыг нь хэлж өгнө үү. Шүүгч шүүгчдээ нөлөөлдөг судалгаа бий гэж Л.Энх-Амгалан гишүүн хэллээ. Анхан шатны шүүгч, Давж заалдах шатны гурван шүүгч сууж байгаад тухайн шүүгчийн талаар Мэргэжлийн хороондоо дүгнэлт хүргүүлэх юм байна гэж ойлголоо. Шүүгчийг сонгон шалгаруулахад өмнөхөөсөө ахиц дэвшил хэр гарсан бэ.

С.БЯМБАЦОГТ:

-Шүүгч  хараат бус  байх талаар сүүлийн 30 гаруй жил ярьж байгаа. Олон улсын үнэлэлт дүгнэлтээр ч гэсэн шүүхийн хараат бус байдал хангалтгүй байгаа. Үндсэн хуульд “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалт бий. Энэ заалт амьдрал дээр хэрэгжиж байгаагүй бол одоо энэ хуулиар хэрэгжинэ. Шүүхийн тухай хуулийн 46-д нөлөөллийн мэдүүлэг хөтлөх гэж оруулсан нь тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүн аливаа этгээдэд нөлөөлөх гэж оролдсон бүх тохиолдлыг баталгаажуулна гэж заасан. Мөн шүүгчийн хараат бус байдлыг хангах, хамгаалах гэсэн ийм хоёр зүйлээр шүүгчийг хараат бус ажиллуулна. Өнөөдөр шүүгчид улстөрчид нөлөөлөхөөс гадна олон нийт, нийгмээс  ч гэсэн нөлөөлдөг. Зориуд захиалгаар урьдчилан гүтгэж, гэмт хэрэгт холбогдуулдаг. Түүнийг нь шүүх яллахгүй бол шүүх шударга бус болчих гэдэг. Энэ бүхнийг засахаар өөрчлөлтүүд орсон.

Б.ПҮРЭВДОРЖ:

-Шүүхийн тухай хуулийн ард юу явагдсан бэ гэдгийг хэлье. 2016 оноос АН арчаагүйдээ МАН-д ялагдсан. Үүнээс хойш МАН дураараа дургих болсон. Хууль тогтоох байгууллагын бүх эрх мэдэл цагаан байранд нь очсон. Гүйцэтгэх засаглалыг хянаж цагаан байран дээрээ мөн ярьж байна. Шүүхийн тухай хуулиар ШЕЗ, Сахилгын хороонд хяналт тавих замаар шүүх эрх мэдлийг цагаан байран дээрээ аваачих гэж байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар орон нутгийн эрх мэдлийг мөн цагаан байрандаа авчирч, босоо  тогтолцоотой болгосон. Орон нутгийн олон албан тушаалыг яамнаас нь шууд томилох босоо тогтолцоог бий болгосон. Хэвлэлийнхэн мөн хамгийн их мөнгөтэй цагаан байр руу нь гүйх болсон. Цөөнхийн үгийг дамжуулахаа больсон. Өнөөдөр МАН-ыг мууулж ярьсан хүн бүхнийг өөрийнхөө харьяанд байдаг шүүхдээ аваачиж хорино. Ийм коммунизм байгуулах зам руу МАН гүн гүнзгий орлоо.

С.БЯМБАЦОГТ:

-Хаа хамаагүй олонх гэж шүүмжилмээргүй байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулж байна. Хүний эрхийг хангахын тулд өөрчлөлт хийж байгаа болохоос биш цагаан байранд зориулсан хууль биш. Хамар доорх хагархай бий гээд хаа хамаагүй юм ярьдгаа болих хэрэгтэй. Энэ хууль гарснаар шүүх засаглал хараат болно. Шүүгчид хариуцлагатай ажиллана.

Н.ГАНИБАЛ:

-Үнэн зүйлийг ярихаар эгдүүцэх хэрэггүй ээ. Шүүхийн тухай хуульд орж байгаа өөрчлөлтүүдийг харахад намуудын тухай хуулийн асуудал яригдаж байна. ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг УИХ-аар томилно. Энэ томилгоонд МАН-ын Удирдах зөвлөл оролцож эхлэх нь. Ингэхээр МАН-аас дэмжсэн хүмүүс л ШЕЗ-ийг ахална гэсэн үг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүхийн талаар гурван асуудал яригдсан. Эрх мэдэл бүхий хүмүүс, тодорхой бүлэглэлийн хамааралд орохгүй байхын тулд Шүүгчдийн зөвлөлд тодорхой шалгуур байх хэрэгтэй. Сахилгын хорооны үүрэг нэлээн өндөр болж байна.

Г.ТЭМҮҮЛЭН:

-Шүүхийн хууль бол “хонгил”-ыг нураах ажлын эхлэл гэж харж байна. Шүүхийн шийдвэр гэм буруугүй хүнийг шийтгэсэн бол хариуцлага хүлээх ёстой. Сахилгын хороон дээр ёс зүйн зөрчилтэй хүнийг дэвшүүлж болохгүй. Сахилгын хорооны гишүүдийг зургаан жилээр томилно гэсэн нь урт биш үү. Анхан шатны шүүх дээр хэргүүд нь унаж байгаа шүүгч нарыг шатлан дэвшүүлэх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Хэрэв удаа дараа хуулийг илт буруу хэрэглэсэн бол шүүгч нарт хариуцлага тооцох ёстой. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэвлэлээр ялладаг асуудал дээр хяналт тавих нь зүйтэй.

АЖЛЫН ХЭСЭГ ДОКТОР О.МӨНХСАЙХАН:

-Сахилгын хороо бол шүүгчид сахилгын арга хэмжээ авах функцтэй. Сахилгын хорооны шүүгч гишүүдийг дөрвөн гишүүн сонгоно. Шүүгч биш тав нь мэргэжлээрээ 10-аас доош ажилласан, сүүлийн таван жил улс төрийн ямар нэгэн албан тушаал хашаагүй хүмүүс байх ёстой гэж хуульд тусгасан. Нарийн сонгон шалгаруулалтын процессоор эдгээр шаардлагыг хангаж байгаа үгүйг шийднэ. Зургаан жилээр зөвхөн нэг удаа томилно гэдэг нь энэ хугацаандаа ноцтой зөрчил гаргавал огцруулах процессыг маш нарийн зааж өгсөн. УИХ-ын дөрвөн жилийн хугацаа гэдэг бүрэн эрхээс уг томилгоог зөрүүлж байгаа.

Ц.ТУВААН:

-Бид Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг тэвчээртэйгээр хүлээж байна. АН-ын амин сүнс тамгандаа биш, үзэл бодол, намын гишүүддээ бий. Тамганд ач холбогдол өгөх хэрэггүй. Сая Г.Дамдинням гишүүн үг хэлэхдээ овоо босголоо. Улстөрч хүний жудаг гэж бий. МАН болон АН эн тэнцүү гараанаас хөдлөөгүй юм шүү. Манай намтай холбоотойгоор хэн юу хийгээд байгааг бид мэдэж байна. Цаг нь болохоор ил гаргана. Монголчууд дандаа олонхыг дэмждэггүй, цөөнхийн талд орсон тохиолдол бий. Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой заалт яагаад Шүүхийн тухай хуульд орсныг асуух хүсэлтэй байна.

Х.НЯМБААТАР:

-Улс төрийн намуудын бүртгэлийг дахин хийж байна. Улс төрийн нам нь нийтийн эрх зүйн субъект юм. Иймд бүртгэлжүүлж байна. Парламентын засаглал олон намын тогтолцооноос бүрддэг. Улсын дээд шүүхийн иргэний танхимаас МАХН гэдэг нэрийг шинэ намд олон жилийн өмнө өгсөн. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл тул дахин ийм алдаа бүү гараасай гэж үзэж байна.

УИХ-ЫН ДАРГЫН ЗӨВЛӨХ Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:

-Дээд шүүхийн зөвлөгөөнөөр улс төрийн намыг бүртгэдэг болох саналыг Х.Нямбаатар сайд гаргасан. Одоо манай улсад улс төрийн 30 нам бий. Шүүхийн хуулийн үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заана. Ер нь улс төрийн намуудын бүртгэлийг хэн хариуцах вэ гэж бид ярилцсан. Улс төрийн намын тухай хуулиар зохицуулах уу, Бүртгэлийн тухай хуулиар уу гэх мэтээр. Намын бүртгэл нь ААН-ийн бүртгэл гэсэн үг шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version