Эдийн засаг

Төмөр замд тархсан коронавирусийн халдварыг таслан зогсооход “УБТЗ” ХНН 19.3 тэрбум төгрөг зарцуулжээ

Нийтэлсэн

Монгол Улсын онцгой комиссын шуурхай хуралдаан Зам, тээврийн хөгжлийн яаманд цахимаар боллоо. Монгол Улсын онцгой комиссын даргын 2020 оны  11 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаар тушаалаар байгуулсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулан байгуулсан.

Тухайн үед Сэлэнгэ аймагт цар тахлын шинэ голомт тогтоогдож, Сүхбаатар зангилааны төмөр замчдад халдвар тархаж эхэлснээр Дархан, Эрдэнэт, Зүүнхараа, Чойр, Айраг, Сайншанд, Замын-Үүд өртөөдөд халдвар богино хугацаанд дамжин тархаж,  Монгол Улсын урд, хойд хилийн өртөө, завсар, дундын өртөөдийн төмөр замын 2225 ажилтан тусгаарлагдан, хөл хоригдсоноор ажиллах хүчний дутагдалд орж, төмөр замын тээвэрлэлтийн хэвийн үйл ажиллагаа  зогсож, тасалдах хэмжээнд хүрч байлаа.

Ялангуяа хилийн Замын-Үүд өртөөний  ажилчдаас 14 хүний шинжилгээний хариу эерэг гарч 1398 тусгаарлагдсан, мөн Сүхбаатар өртөөний ажилчдаас 28 хүний шинжилгээний хариу эерэг гарч, 414 хүн тусгаарлагдаж тус өртөөдийн үйл ажиллагаа зогсож, галт тэрэг, вагон, чингэлгийн бөөгнөрөл үүссэн байв.

Ийм үед ЗТХЯ, ГЕГ, МХЕГ, УБТЗ-ын төлөөлөл бүхий Шуурхай бүлэг яаралтай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Төмөр замын хөдөлгөөний тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор Сүхбаатар, Замын-Үүд, Дархан өртөөдөд төмөр замын хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилчдыг вагон, зочид буудалд тусгаарлан байрлуулж, ажил үүргийг нь гүйцэтгүүлэв. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 15956 ажилтныг “Ковид-19” халдварын түргэвчилсэн оношлуураар, 12680 ажилтныг

PCR-ийн шинжилгээнд хамруулж, тэдний гэр бүлийг давтан PCR оношлуураар шинжилгээнд хамрууллаа. Баянгол дүүрэгт нэг өрхөөс нэг хүн шинжилгээнд хамруулах ажилд төмөр замын төв эмнэлгээс гурван баг гарган ажиллуулж, шаардлагатай түргэвчилсэн болон PCR оношлуураар тасралтгүй хангажээ.

Улаанбаатар төмөр замд цар тахалд өртөх эрсдэлтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилчдын ажлын байр, албан тушаалын судалгааг гаргаж, нэмэлтээр 6256 ажилтныг PCR-ийн давтан шинжилгээнд хамруулж байна.
Эрүүл мэндийн яамнаас төмөр замын төв эмнэлэгт нэн шаардлагатай амьсгалын 2 ширхэг аппарат авч суурилуулж бэлэн болголоо. Улаанбаатар төмөр замын хэмжээнд 117.880 ажлын байр, 5,240,543 м2 талбайд, 567 галт тэрэг, 27,990 вагон, чингэлэгт  ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна.

Сүхбаатар, Замын-Үүд хилийн өртөөд, Улаанбаатар шилжүүлэн ачих ангийн ажлын байр, ачаа шилжүүлэн ачих анги, дэлгүүр, цайны газар, зэрэг эрсдэл ихтэй ажлын байруудаас арчдасын дээж авч, шинжилгээнд хамруулсан бөгөөд эмгэг төрөгч нян илрээгүй байна. Мөн ариутгагч  кварцын гэрэл, “смарт” хаалга зэргийг ашиглаж тээврийн бичиг баримт, өрөө тасалгааг тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна.

Хэрэв Улсын онцгой комисс яаралтай шийдвэр гаргаагүй, Шуурхай бүлэг шуурхай, эрчимтэй, үр дүнтэй ажиллаж чадаагүй бол улсын эдийн засгийн үндэс суурь ачаа тээвэр тасалдаж, үндэсний аюулгүй байдалд хохирол учрах хэмжээнд хүрэх байв. Түүнчлэн улс хоорондын төмөр замаар дамжин өнгөрөх тээвэр саатаж олон улсад хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл үүсэх байв хэмээн ЗТХЯ-наас онцлов.

Ийн ажилласнаар Улаанбаатар төмөр замд үүссэн “Ковид-19”-ын халдварыг таслан зогсоож, Монгол Улсын төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж чадлаа.

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 98 хүн эерэг гарч, тэднээс  PCR-ийн шинжилгээгээр 77 ажилтан “ковид-19”-өөр өвчилж /2020.12.16-наас хойш өвчлөл нэмж бүртгэгдээгүй/ одоогоор нэг хүнээс бусад нь эдгэрээд байна.
Одоогоор Улаанбаатар төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжиж /зорчигч тээврээс бусад/ төмөр замын салбарын ажиллагсад үүргээ бүрэн дүүрэн биелүүлэх боломжтой боллоо.
Төмөр замд тархсан коронавируст халдварыг таслан зогсооход зөвхөн “УБТЗ” ХНН  19.3 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өнөөдрийн хуралдааны төгсгөлд Шадар сайд, Улсын комиссын дарга Я.Содбаатар Шуурхай бүлэг сайн ажилласныг онцлоод цаашид анхаарвал зохих хэд хэдэн үүрэг, даалгавар өгч, төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжиж /зорчигч тээврээс бусад/ төмөр замын салбарын ажиллагсад үүргээ бүрэн дүүрэн биелүүлэх боломжтой болсныг дурдаж, уг Шуурхай бүлгийг татан буулгахаар болсныг мэдэгдлээ хэмээн ЗТХЯ-наас мэдээлэв.

Exit mobile version