Дэлхий

Индонезийн Боинг 737 онгоцны унасан байршлыг тогтоожээ

Нийтэлсэн

Индонезийн Боинг 737 зорчигч тээврийн онгоц өчигдөр нийслэл Жакартагаас хөөрснийхөө дараа далайд унаж сүйрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг онгоцны унасан байршлыг тогтоосон байна.

Sriwijaya Air компанийн агаарын хөлөг Баруун Калимантан мужийн Понтианак руу 62 хүн тээвэрлэж явсан ба хөөрснөөс хойш дөрвөн минутын дараа радараас алга болжээ. Осол болсон байршил руу шумбагчдыг тээвэрлэсэн 10 гаруй усан онгоцыг илгээгээд байна. Мөн онгоцны эд анги байж болох зүйлсийг шинжээчид олж, шинжилж байгаа аж.

Эрлийн ажиллагааг шөнөдөө зогсоосон бөгөөд өнөөдрөөс үргэлжлүүлжээ.

Юу тохиолдсон бэ?

Sriwijaya Air компанийн зорчигч тээврийн онгоц Жакартагийн нисэх буудлаас 14:36 цагт хөөрчээ. Тээврийн яамнаас мэдээлснээр дөрвөн минутын дараа буюу 14:40 цагт хамгийн сүүлийн удаа холбоо барьсан байна. Жакартагаас Понтианак руу 90 минутын турш нисдэг аж. Онгоц ямар нэг түгшүүрийн дохио өгөөгүй гэнэ.

Гэрчүүд онгоц дэлбэрснийг харж, сонссон талаар ярьсан байна. Нэгэн загасчин “Онгоц далайд унаад усанд дэлбэрсэн. Манай усан онгоцтой их ойрхон унаж, хэлтэрхий нь бидэн рүү үсрэх дөхсөн болохоор бид эрэг рүү маш хурдан буцсан” гэжээ.

130 хүн тээвэрлэх багтаамжтай тус онгоцонд нийт 50 зорчигч, тэдгээрээс 10 нь хүүхэд байжээ. Мөн хөлгийн багийн 12 гишүүн байсан бөгөөд онгоцонд байсан бүх хүн Индонезийн иргэд байсан гэнэ.

Ослын улмаас алга болсон иргэдийн ар гэрийнхэн нь Понтианакийн нисэх буудалд шинэ мэдээ сонсохоор хүлээн суугаа аж. Тэдний нэг Яман Зай гэх залуу “Эхнэр гурван хүүхэд маань онгоцонд сууж явсан. Эхнэр маань өнөөдөр хүүхдийн минь зургийг явуулсан. Зүрх сэтгэл минь эмтэрч байна” хэмээн нулимстай ярьсан байна.

Сүйрсэн онгоц нь 1994 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй талаар Sriwijaya Air компанийн захирал хэлжээ.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version