Улс төр

БНСУ Чэжү аралд 30 хоног визгүй зорчдог зохицуулалтыг түр хугацаагаар зогсоолоо

Нийтэлсэн

БНСУ-ын Засгийн газар шинэ төрлийн коронавирусын халдварын тархалтын эсрэг 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.

1. БНХАУ-ын Хубэй мужид сүүлийн 14 хоногт аялсан БНСУ болон гадаадын иргэд БНХАУ-аас шууд болон гуравдагч орны нутаг дэвсгэрээр дамжин БНСУ-д ирэх тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй.

  • БНСУ-ын хилийн мэдүүлэх хуудсанд БНХАУ-ын Хубэй мужид аялсан тухайгаа тэмдэглэсэн иргэн, Хубэй мужийн захиргаанаас олгосон гадаад паспорттай хятад иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх,
  • Ухань хотод суугаа Ерөнхий консулын газраас өмнө олгосон БНСУ-ын визийг түр хугацаагаар хүчингүйд тооцох,

2. БНХАУ болон бусад гуравдагч орноор дамжин ирж байгаа солонгос болон гадаадын иргэдийг БНСУ-ын хилээр тусгай журмын дагуу нэвтрүүлнэ.

  • Иргэдийг тусгай гарах гарцаар гаргах бөгөөд БНСУ-д оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг газар дээр нь шалгаж, нягтална.

3. Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд гадаадын иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчдог байсан зохицуулалтыг түр хугацаагаар зогсоов.

4. БНХАУ-д буй БНСУ-ын виз мэдүүлж байгаа иргэдэд тавих шаардлагыг чангатгах болно. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээний баримтыг шаардах болно.

5. БНСУ-ын Цагаачлалын алба, Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх албанаас хамтран 1345 шуурхай утсаар тус улсад буй гадаад иргэдэд зориулан 20 хэл дээр шинэ коронавирусын талаар зөвлөгөө, орчуулгын үйлчилгээ үзүүлэх зэрэг болно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Exit mobile version