Дэлхий
Хатан хаан II Элизабет, нөхрийн хамт вакцин тариулжээ
Их Британийн хатан хаан II Элизабет болон түүний нөхөр Эдибургийн гүн нар өчигдөр коронавирусийн эсрэг вакцин тариулжээ. Вакциныг хааны гэр бүлийн хувийн эмч хийсэн талаар Букинхэмийн ордноос мэдээлсэн байна.
Өдгөө 94 настай хатан хаан, 99 настай Филипп хунтайж нар Виндзор дахь эдлэндээ амьдарч байгаа бөгөөд цар тахал эхлэх үед л тэд бараа бологч нарын хамт тийш нүүсэн байна.
Хатан хаанд вакцин хийсэн талаар олон нийтэд мэдээлэхийг тэрбээр өөрөө хүссэн гэнэ. Учир нь Их Британид олон нийтийг дархлаажуулах аян эхлэх үед нийгэмд хааны гэр бүл ямар учир шалтгаанаар вакцин хийлгэхгүй байгаад иргэд гайхжээ. Тиймээс нийгэмд цаашид эргэлзээ төрүүлэхгүйн тулд вакцин хийлгэсэн гэж үзэж байгаа юм.
Одоогоор тус улсад Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунг 1,5 сая иргэнд хийсэн бөгөөд эхний ээлжид өндөр настай болон эмнэлгийн ажилтнуудад тарьжээ.
Өнгөрсөн оны гуравдугаар сараас аравдугаар сар хүртэл хатан хаан олон нийтийн өмнө ил гараагүй аж. Харин аравдугаар сарын 15-ны өдөр буюу долоон сарын дараа ач хүү, хунтайж Уиллиамтай хамт цэргийн Портон-Даун лабораторит очиж ажилтнуудтай нь уулзсан байна. Тухайн үед хатан хаан амны хаалт зүүгээгүй байжээ.
Эх сурвалж: ВВС