Улс төр
Т.Мөнхсайхан сайдын тушаалаар ХӨСҮТ-д Менежментийн баг ажиллаж эхэлжээ
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тушаалаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд Менежментийг баг томилон 2020 оны 1 сарын 5-ны өдрөөс ажиллаж эхэлсэн байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төв нь халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, тандалт судалгаа, оношлогоо, эмчилгээний асуудлыг Үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг Эрүүл мэндийн яамны харьяа лавлагаа шатлалын байгууллага юм. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Коронавирүст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.4, Улсын онцгой комиссын даргын 38 дугаар тушаалаар томилогдсон “Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилласан шуурхай бүлэг” –ийн болон Эрүүл мэндийн сайдын А/599 тушаалаар тус төвд хийгдсэн “Коронавирүст халдварын үеийн тусламж үйлчилгээний эрсдэлийн үнэлгээ”-ний санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх зорилгоор тус төвд Эрүүл мэндийн сайдын А/630 тоот тушаалаар Менежментийг баг томилон 2020 оны 1 сарын 5-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.
ХӨСҮТ-ийн эмч, ажилтны дундах эмнэлгээс шалтгаалах халдварын өртөлтийг бууруулах, тандалт судалгааны менежмент, лабораториудын уялдаа, мэдээллийн урсгалыг тодорхой болгох, эмнэлгийн орчин, түүний аюулгүй байдлыг бүрдүүлэх зэрэг үндэсний төвийн чиг үүрэг бүхий үйл ажиллагааг эрс сайжруулах шаардлагатай гэж үзжээ.
Тус менежментийн багт сайдын тушаалыг ЭМЯ-ны ТЗУГ дарга П.Эрхэмбулган танилцуулж, Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал ХӨСҮТ-д хийсэн эрсдэлийн үнэлгээ, түүний дүнд тулгуурлан хэрэгжүүлэх ажлыг санал, зөвлөмжийг тус тус танилцуулжээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Менежментийг баг нь гурван үндсэн чиглэлийг анхааран шуурхай, үр дүнтэй ажиллахыг анхааруулсан байна.
Үүнд:
- Халдварын хяналт, тандалтын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны уялдаа, менежментийг эрс өөрчлөн сайжруулах
- Эмч, эмнэлгийн ажилтаныг эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх, аюулгүй ажлын орчин бүрдүүлэх
- Тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийн ашиглалт, засвар үйлчилгээ, хүний нөөцийн менежмент, ажлын ачаалал, хөдөлмөр хамгаалал, урамшууллын тогтолцоог сайжруулах чиглэлээр тус төвийн хамт олны хэрэгцээ, оролцоог ханган хамтын шийдвэрт тулгуурлан ажиллах чиг үүрэгтэй.
Менежментийн баг нь Эрүүл мэндийн сайд, удирдлагын багийг 7 хоног бүр мэдээлэлээр ханган тулгамдсан асуудал, түүний шийдлийн талаарх саналыг хэлэлцүүлэн удирдамжинд тусгагдсан чиг үүргийн дагуу шийдвэр гаргуулах, хөрөнгө оруулалт хийх, санүүжилтийг шийдвэрлүүлэн газар дээр нь хэрэгжүүлэн ажиллана.
Багийг ЭМЯ-ны лавлагаа шатлалын хэлтсийн ахлах шинжээч А.Өнөржаргал ахлах, хүний нөөц, мэдээлэл технологи, хяналт шинжилгээ үнэлгээ, эрсдлийн менежмент ба эмнэлгийн эпидемиологи, лабораторийн чанарын хяналтын мэргэжлийн чиглэлийн бүрэлдхүүнтэй баг ажиллаж байна.
Энэхүү арга хэмжээний үр дүнд ХӨСҮТ-ийн үйл ажиллагааг сайжруулах төлөвлөгөөний биелэлт, хэрэгжилт, байгууллагын менежмент сайжирч, үйлчлүүлэгч, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын сэтгэл ханамж дээшлэн, ажлын орчин, халдвар хамгаалалын нөхцөл, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжирч, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой эрсдэл буурна гэж үзэж буй юм байна.