Нийгэм
Ханх суманд дахин хоёр ч удаа чичиргээ мэдрэгдэж томоохон барилга дотор суух боломжгүй байна
Өнөө өглөө буюу нэгдүгээр сарын 12-ны 05:33 минутад Хөвсгөл аймагт 6.6-6.8 магнитуд газар хөдлөлт болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл газар хөдлөлтийн голомттой ойр Ханх сумын засаг дарга Л.Даваабаяраас нөхцөл байдлыг тодрууллаа.
Тэрээр “Одоогоор хохирлын нарийн тооцоог гаргаагүй байна. Өглөөний 5:30 цагт Хочимын аманд газар хөдөлсөн нь сумын төвд маш хүчтэй мэдрэгдсэн. Бүх албан байгууллагын хана цуурах дөхөж, зарим байшингийн цонх хагарсан. Айлуудын шүүгээ, ширээн дээрх юмс унаж хагарсан зэрэг жижиг хохирлууд учирсан. Газар хөдлөлтийн голомтоос 10 км зайтай орших багийн айлуудын тавиур дээрх эд юмс бүгд унаж хагарсан ба айлууд гэрээсээ гарч гэгээ орохыг хүлээсэн. Хүмүүсийн сэтгэл санаа үүрээр маш их сандралтай, түгшсэн байсан. Бид аль болох иргэдийн санааг зовоохгүй, тайван байлгахаар мэдээлэл өгч байна. Сумын захиргааны барилга байнгын чичиргээнд байгаа тул дотор байрлах аргагүй байна. Тиймээс бид өөр жижиг байшинд түр байрлаж буй. Хүчтэй газар хөдлөлтөөс хойш хамгийн сүүлд 8:30, 9:10 цагт дахин чичиргээ мэдрэгдсэн. Ер өнөөдөр чичиргээтэй өнжинө гэж Эрхүүгээс зарим хүмүүс мэдээ авсан” хэмээв.
Газар хөдлөлтийн голомтоос 10 км зайтай орших баг нь сумын төвөөс 80 км-т байрладаг бөгөөд газар хөдлөлт нийслэл Улаанбаатар хотод хүртэл мэдрэгдсэн билээ.